Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хамт олон 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хаврын мод тарих уламжлалт арга хэмжээгээ зохион байгуулж, олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн (IGM)-д гацуур мод тарилаа.
“Эрдэнэс Монгол” нэгдэл 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан “Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжиж, ойн зурвас байгуулах төлөвлөлтийн дагуу нэгдлийн бүрэлдэхүүн 8 компани, 783 га талбайд 536 мянган ширхэг мод тарих төлөвлөгөөтэй байна. Нэгдлийн дунд хугацааны стратегид байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлэхээр тусгасны дагуу нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 6.9 сая ширхэг мод тарьж ургуулжээ.
Мод тарих энэхүү арга хэмжээ нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ойн болон усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалж хамгаалахад чухал үүрэгтэй юм