Санхүүгийн зохицуулах хорооноос Нийслэлийн Цагдаагийн Удирдах газартай хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа барьцаалан зээлдүүлэх газруудад хамтарсан шалгалт хийж байна. Бүтэн жил үргэлжлэх аяны хүрээнд хамтарсан шалгалтыг Баянзүрх дүүргээс эхлүүллээ. Тус дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянцээл орчимд байрлах 33 ломбардаас 19 нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх харъяа байгууллагад бүртгэлгүй, Санхүүгийн Зохицуулах Хорооны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс баталсан зээлийн сарын хүүгийн дээд хэмжээ болох 4.5 хувиас илүү хүү тооцож иргэдийг хохироож байсан зэрэг олон тооны зөрчил илэрчээ.
Санхүүгийн Зохицуулах Хорооны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон бөгөөд энэхүү шийдвэр нь 2025 оны 03 сарын 31-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд болон байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэд нь харьяа аймаг, дүүргийн Засаг дарга болон Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх хуулийн үүрэгтэй. Мөн хуулиар анз буюу алданги тооцохыг хориглосон бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд банк, санхүүгийн байгууллагатай адил зээлийн хүүгийн хувь хэмжээг 20 хувиар тооцох зохицуулалт хийгджээ. Энэ нь хууль батлагдахаас өмнө хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцож иргэдийг хохироож ирсэн үйлдлийг таслан зогсоосон хуулийн хамгаалалт болсон юм.
Мөн иргэн зээлийн хүүгийн дээд хэмжээ буюу 4,5 хувиас хэтрүүлэн хүү төлсөн бол илүү төлсөн дүнг үндсэн зээлийн төлбөрт тооцон суутгах, үндсэн зээлийн төлбөрийг бүрэн суутгасны дараах үлдсэн хэсгийг зээлдэгчид эргүүлэн олгохоор хуулиар зохицуулжээ. Энэхүү хамтарсан шалгалтаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс баталсан зээлийн хүүгээс илүү хүү тооцон зээл олгосон, нэмэлт төлбөр, шимтгэл хураамж авсан, хаяг байршлын өөрчлөлтийг харьяа байгууллагад бүртгүүлээгүй, бүртгэлгүй салбар нээн ажиллуулсан зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд илэрсэн бөгөөд зөрчилтэй этгээдүүдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.