УИХ-ын гишүүн П.Батчимэг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Уг хуультай холбоотойгоор хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр /2025.05.27/ Төрийн ордонд боллоо.
Энэ үеэр хууль санаачлагч П.Батчимэг "Шинэ төрлийн бичил тээврийн хэрэгсэл болох суррон, скүүтерээр иргэд замын хөдөлгөөнд оролцох болсон цагаас эхлэн зам тээврийн ослын тоо нэмэгдэж байна. Тиймээс энэ тээврийн хэрэгслийг хориглох, торгох гэхээсээ илүү хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлага үүсээд байна. Зорчигчийн эрх үүргийг тодорхой болгож нөгөө талаас тусгайлсан зам, зогсоол зэргийг бий болгох хэрэгтэй байна" гэв
Энэ үеэр цахилгаан дугуй, суррон, скүүтерээс үүдэлтэй осол гэмтлийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг танилцуулав. Тэрбээр "Цахилгаан дугуй, скүүтер, мопедтой холбоотойгоор 2022-2024, 2025 оны эхний таван сарын байдлаар нийт таван нас баралт бүртгэгдсэн. Гурав нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд Хоёр нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд бүртгэгджээ. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд бүртгэгдсэн гурван тохиолдол газар дээрээ нас барсан харамсалтай мэдээлэл байна. ГССҮТ-д хандсан хоёр иргэний нэг нь тархины хүнд хэлбэрийн цус харвалтын улмаас амь насаа алдсан, нөгөө нь олон эрхтний хавсарсан хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгч байсан " гэлээ.