Төрийн банк тогтвортой хөгжлийн тайлангаа гурав дахь жилдээ олон нийтэд нээлттэй танилцууллаа

Төрийн банк тогтвортой хөгжлийн тайлангаа гурав дахь жилдээ олон нийтэд нээлттэй танилцууллаа

Монгол Улсын санхүүгийн салбарын тэргүүлэгч банкуудын нэг болох Төрийн банк нь тогтвортой хөгжлийг дэмжих бодлого, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор 2024 оны тогтвортой хөгжлийн тайлангаа танилцууллаа. Энэ нь Төрийн банкны хувьд дараалан хүргэж буй гурав дахь удаагийн тайлан бөгөөд харилцагчид, хамтрагч байгууллагууд болон иргэдэд банкны нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны өмнө хүлээж буй хариуцлагаа хэрхэн биелүүлж байгааг илэрхийлсэн чухал баримт бичиг юм.

Төрийн банк 2024 онд тогтвортой хөгжлийн чиглэлээр хэд хэдэн томоохон үйл ажиллагааг хэрэгжүүллээ. Тухайлбал, Санхүүгийн тайлагналын олон улсын шинэ стандартууд болох S1 тогтвортой байдлын тайлагнал, S2 уур амьсгалын тайлагналыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор олон улсын аудитын Эрнст энд Янг байгууллагын тогтвортой байдал хариуцсан багаас зөвлөх үйлчилгээ авч, тайлагнал хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хангахынзэрэгцээ материаллаг байдлын шинжилгээг гүйцэтгэж, замын зургаа боловсрууллаа.  

Мөн бид дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж явцын тайлан (Communication on Progress)-г анх удаа боловсруулан НҮБ болон олон нийтэд хүргэж ажиллалаа. PCAF буюу нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн түншлэл олон улсын байгууллагын гишүүн болсноор ажилтнуудаа сургаж, дотоод нөөц бололцоогоо ашиглан олон улсын аргачлалын дагуу банкны хүлэмжийн хийн ялгарлыг тооцож, тайлагналаа.

Мөн бид гадаад зах зээлд ногоон бонд гаргах ажлын хүрээнд MUFG олон улсын байгууллагаар Тогтвортой санхүүжилтийн хүрээг тодорхойлуулан, S&P Global байгууллагаар хөндлөнгийн үнэлгээг хийлгэсэн нь олон улсын зах зээл дээр ногоон бонд гаргах эхлэлийг тавилаа.

Тайлант онд Засгийн газраас Төрийн банкийг Ногоон хөгжлийг дэмжигч банк болгон зарласантай холбогдуулан Ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх зорилго бүхий “Ногоон ирээдүй” бондыг биржийн бус зах зээлд анх удаа амжилттай гаргалаа.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд Малчны ногоон зээл болон оюуны хөрөнгө оруулалтын зээлийн шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлж, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Тогтвортой хөгжил ногоон ирээдүй” өдөрлөг, Гялс цэвэрлэгээ болон Модыг Мода болгоё зэрэг аяны үр дүнгийн талаар тайлагналаа. Мөн банк “Ногоон оффис”ын хүрээнд  банкны албан хэрэгцээнд цахилгаан автомашин, ажилчдын автобусыг өдөр тутмыг хэрэглээндээ ашиглан нэвтрүүлж ажиллалаа.

Энэхүү тайлан нь зөвхөн банкны дотоод үйл ажиллагааг тайлагнахаас гадна харилцагчид, хөрөнгө оруулагчид болон олон нийтэд банкны урт хугацааны стратегийн чиглэл, үнэт зүйлсийг ойлгуулахад чиглэж буй юм. Цаашид Төрийн банк нь тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурлан инноваци, нийгмийн хариуцлага, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн ажиллах болно.

Та бүхэн Төрийн банкны 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлантай ЭНД дарж танилцана уу.