Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн ордны баруун жигүүрт Хүүхдийн өрөө тохижуулан бэлтгэснийг өнөөдөр /2025.05.30/ нээж, анхны зочдоо хүлээн авлаа.
Хүүхдийн өрөөг албан ёсоор нээх үедээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Төрийн ордон болон Сүхбаатарын талбай тусгай хамгаалалтад байдаг тул энэ өрөөг нээхийн тулд холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан тухай дурдаж, тэр бүхнийг даван туулсны эцэст бид Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр өрөөгөө нээж байна гэлээ.
Мөн тэрбээр бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд тодорхой хугацаанд хүүхдээ Хүүхдийн өрөөнд үлдээгээд, камераар хянаж, санаа зовох зүйлгүй ажлаа хийх боломж бүрдсэнээр тэдний ажлын бүтээмж дээшилж, байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүн сайжрах ач холбогдолтойг тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталж, үүгээрээ хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэх стратеги зорилгыг тодорхойлсны дагуу хүндээ ээлтэй байх, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангахад чиглэсэн бүхий л арга хэмжээг Тамгын газраас авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга онцолсон юм.