АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Сибирьт тахлын эсрэг судалгааны хүрээлэнгийн лабораторийн ажилтан тодорхойгүй шалтгаанаар нас барсантай холбоотойгоор шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр аравдугаар сарын 5-нд Цагаан ордноос Небраска муж руу явахынхаа өмнө сэтгүүлчдийн асуултад хариулахдаа АНУ ОХУ-д тусална гэсэн байна.
Тодруулбал, Трамп уг нөхцөл байдлыг ОХУ-ын хувьд “том асуудал” гэж тодорхойлоод, “Бид тусална. Ийм асуудалтай тулгарсан хэн бүхэнд бид үргэлж туслах болно” гэж хэлжээ.
ОХУ-ын Эрхүү муж дахь Тахлын эсрэг судалгааны хүрээлэнгийн лабораторийн ажилтан өвчилж, тодорхойгүй нөхцөл байдлын улмаас нас барсан бөгөөд үүний дараа эрх баригчид хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, эмнэлгийн хяналтад аваад байгаа юм. Оросын эрүүл мэндийн байгууллагууд нас барсан ажилтны өвчнийг “гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаа” гэж мэдээлсэн бөгөөд тахлын үүсгэгчтэй холбоотой болохыг тогтоогоогүй байна. Мөн тухайн ажилтны ажиллаж байсан хүрээлэнд аюултай бичил биетэнтэй холбоотой осол гарсан гэх нотлох баримт илрээгүй гэж мэдэгдсэн.
Эх сурвалж: Reuters