Тэтгэврийн нэмэгдлийн “малгай”-н дор орж ирсэн хуулиар НДШ 0.1-0.2 нэгж хувиар буурч, 2 сая төгрөгийн цалинтай ажилтанд сард 2000-4000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ

Тэтгэврийн нэмэгдлийн “малгай”-н дор орж ирсэн хуулиар НДШ 0.1-0.2 нэгж хувиар буурч, 2 сая төгрөгийн цалинтай ажилтанд сард 2000-4000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ

УИХ өнгөрсөн долдугаар сарын 2-нд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайн үед уг хуулийг даатгуулагч тэтгэврийн шимтгэлийнхээ нэг хувийг мөнгөн хуримтлал болгох боломжтой болсон, тэтгэвэр нэмнэ гэдгээр нь олон нийтэд түлхүү танилцуулсан.

"НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛЖ БУЙ НИЙТ 685.4 МЯНГАН АЖИЛТАН БИЙ"

Мөн ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах хэд хэдэн гэрээгээр ажиллаж байгаа иргэн зөвхөн нэг гэрээний цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөх, оюутан, суралцагчдыг нийгмийн даатгалын зарим шимтгэлээс чөлөөлөх, нөхөн төлөх боломж бүрдүүлэх, анх удаа сайн дураар нийгмийн даатгалд даатгуулж байгаа иргэний төлөх шимтгэлийг 50 хувиар чөлөөлөх зэрэг зохицуулалт орсон. Гэхдээ хуулийн өөрчлөлтийг бүхэлд нь харвал “нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэгтэй адил харагдана.

Учир нь өдгөө хэд хэдэн гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа хэдэн иргэн байгаа вэ. Мөн нөгөө талд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж байгаа иргэний төлөх шимтгэлийг 50 хувиар чөлөөлнө зэрэг хэдэн хүнд хамаарах бол. Товчхондоо, Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж буй нийт 685.4 мянган ажиллагч байгаа бөгөөд тэдний ачааг хөнгөлж байна гэвэл өрөөсгөл.

Гэхдээ энэ асуудлыг тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд анхааруулан бичиж, нийтэлж байсан. Харин наадам, зуны амралт, хуушуур, боодог бодсон олон огоорч нэг ч анхаараагүй юм. Нөгөө талд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хууль, Нийгмийн халамж, Орон сууцжуулалтын тухай зэрэг олон хуулийг толгой дараалан баталж байсан нь анхаарлыг өөр тийш нь чиглүүлсэн.

"2027 ОНООС АЖИЛ ОЛГОГЧИЙН ТӨЛӨХ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 0.1-0.2 НЭГЖ ХУВИАР БУУРУУЛСАН"

Харин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт ажил олгогчийн өнцгөөс харвал нэг зүйл тодорхой харагдана. Ажил олгогчийн бодит ачааллыг дорвитой бууруулсан өөрчлөлт ороогүй. Харин өнөөдөр л олон нийт энэ асуудлыг анзаарч, үр дагаврыг нь харж эхэлж байна. Тухайлбал, энэ хуулийн өөрчлөлтөөр 2027 оноос ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл эрсдэлийн ангиллаас хамаарч 10.5-12.5 хувиас 10.4-12.3 хувь болж буурна. Өөрөөр хэлбэл ердөө 0.1-0.2 нэгж хувийн бууралт. Үүнийг ажил олгогчдод үзүүлсэн бодит дэмжлэг гэж нэрлэхэд хэцүү.

Тухайлбал, 2 сая төгрөгийн цалинтай нэг ажилтны хувьд авч үзье. Одоогийн хамгийн бага буюу 10.5 хувийн ангилалд ажил олгогч тухайн ажилтны НДШ-д сард 210 мянган төгрөг төлж байна. Харин 2027 оноос энэ хувь 10.4 хувь болж буурснаар 208 мянган төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл, нэг ажилтанд сард ердөө 2000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн үг. Үнэндээ энэ бол нэг талаараа доромжлол ч байж болох. 

"2017 ОНД 7 ХУВЬ БАЙСАН АЖИЛ ОЛГОГЧИЙН ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ 10.5-12.5 ХУВЬД ХҮРСЭН"

Учир нь ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн ачаалал өмнө нь үе шаттайгаар нэмэгдэж ирсэн. 2017 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, ажил олгогчийн төлөх хувь хэмжээг 7 хувиас үе шаттай өсгөсөн. Үүний үр дүнд ажил олгогчийн нийт нийгмийн даатгалын шимтгэлийн ачаалал өнөөгийн 10.5-12.5 хувьд хүрсэн.  Нэмэхдээ хэдэн жилээр, хэдэн хувиар нэмсэн ачааллаа бууруулахдаа хэдхэн аравны хувиар бууруулж байна.

"АЖИЛ ОЛГОГЧИЙН ЗАРДАЛ ӨСӨХӨД АЖИЛТАН, АЖЛЫН БАЙР, ДУНДАЖ ДАВХАРГА ХОХИРЧ БАЙДАГ"

Ажил олгогч нэг ажилтан авах бүрдээ зөвхөн цалин төлдөггүй. Цалин дээр нь нийгмийн даатгалын шимтгэл, татвар болон ажлын байртай холбоотой бусад зардал нэмэгдэнэ. Ажилтныхаа цалинг нэмэхэд ч мөн адил ажил олгогчийн зардал өснө. Ингээд ирэхээр ажил олгогч цалин нэмэхдээ тооцоо хийнэ. Шинэ хүн авахдаа дахин тооцно. Зарим нь орон тоогоо нэмэхгүй. Зарим нь үйл ажиллагаагаа хумина. Цаашлаад хаалгаа барих аж ахуйн нэгж ч бий. Энэ нь зөвхөн бизнес эрхлэгчийн асуудал биш. Ажил олгогчийн зардал өсөх тусам ажилтны орлого нэмэгдэх боломж хумигдаж, шинэ ажлын байр бий болох нөхцөл муудна. Цаашлаад далд эдийн засаг тэлэх эрсдэл ч бий. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зардал өсөхөд эцэст нь зөвхөн бизнес эрхлэгч хохирохгүй. Ажилтан, ажлын байр, дундаж давхарга хохирно. 

"ХААЛГАА БАРЬСАН АЖ АХУЙН НЭГЖИЙН ТОО 2025 ОНЫ ЭЦЭСТ 146.613-Д ХҮРСЭН"

Төр нийгмийн даатгалын сангаа бүрдүүлэх ёстой. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шаардлага ч бий. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлага ч байж болно. Гэхдээ энэ бүхнийг санхүүжүүлэхийн тулд ажиллаж, бизнес эрхэлж, ажлын байр бий болгож байгаа хэсгээ шүүсийг нь дуустал шахаж болохгүй.

Өнөөдөр ажил олгогчоос авч байгаа мөнгө тэр дороо тухайн ажилтанд очдоггүй. Тэтгэврийн хуримтлалд ч шууд очихгүй. Нийгмийн хамгааллын зардал, төсвийн санхүүжилтийг бүрдүүлэхэд ашиглагдана.

Товчхондоо, өнөөдөр ажиллаж байгаа иргэд, ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүд өнөөгийн тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг нуруундаа үүрч байна. Гэтэл дундаж давхаргын орлого нэмэгдэхгүй, ажил олгогчийн зардал буурахгүй байхад тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмэх тусам тэр ачаа дахиад л татвар төлөгчдөд ирнэ. Энэ бол бодох ёстой чөтгөрийн тойрог.

Монгол Улсад идэвхгүй буюу хаалгаа барьсан аж ахуйн нэгжийн тоо 2025 оны эцэст 146.613-д хүрсэн гэх албаны тоо бий. Энэ тоо өөрөө аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, татвар, шимтгэлийн дарамтыг бодитоор авч үзэх шаардлагатайг харуулна.