Ази-Европын уулзалт (ASEM)-ын Хүний эрхийн асуудлаарх 24 дэх удаагийн албан бус семинар 2026 оны аравдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
“Хүний эрхийн ирээдүй: Орон нутгаас бүс нутаг, дэлхий нийтийн түвшинд” уриан дор болох уг арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулж байна. Ази-Европын сангийн (ASEF) албан мэдээллээр тус семинар нь Ази, Европын хүний эрхийн салбарын төр, иргэний нийгэм, судалгаа шинжилгээний байгууллагуудын төлөөллийг нэг дор цуглуулах юм. Монгол Улс 2016 онд ASEM-ын дээд хэмжээний 11 дэх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан бол энэ удаа ASEM-ын хүрээнд хүний эрхийн асуудлыг тусгайлан хэлэлцдэг олон улсын семинарыг хүлээн авч байна. ASEM нь Ази, Европын орнуудын улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын асуудлаарх яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой засгийн газар хоорондын форум юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 25 жилийн ой 2026 онд тохиож байгаатай холбогдуулан ASEM-ын Хүний эрхийн асуудлаарх 24 дэх семинарыг Монголд зохион байгуулах санаачилгыг ХЭҮК гаргасан бөгөөд уг санаачилгыг семинарын Удирдах хороо болон Ази-Европын сан дэмжжээ.
ВИДЕО: