ЗӨСҮТ: Эрхүү мужид бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдаагүй

ЗӨСҮТ: Эрхүү мужид бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдаагүй

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс ОХУ-ын Эрхүү мужид бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын талаар тодруулж, уг тохиолдол батлагдаагүй болохыг өчигдөр  /2026.10.05/ мэдээлсэн. 

Тодруулбал, ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант тарваган тахлын улмаас нас барсан байж болзошгүй гэх мэдээлэл аравдугаар сарын 2-ноос хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархсан. Үүнтэй холбогдуулан ЗӨСҮТ-өөс тус хүрээлэнд хандан, үйл явдлын талаар албан ёсны мэдээлэл хүссэн байна. Үүний хариуд ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхан байдлын хяналтын холбооны албанаас холбогдох хяналт, шалгалтын дүнг ирүүлжээ.

Тус мэдээлэлд тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдаагүй бөгөөд өвчтөнөөс тарваган тахлын үүсгэгч болон бусад эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй, “шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” гэсэн онош тавьсан болохыг дурдсан байна.

Мөн Эрхүү хот дахь тус хүрээлэнд тарваган тахлын үүсгэгчтэй ажиллах явцад осол, зөрчил гараагүй бөгөөд лаборантын өвчлөл нь эрхэлж байсан ажилтай нь холбоотой болохыг тогтоогоогүй байна. Түүнчлэн Эрхүү болон Шелехов хотыг хамарсан бүс нутгийн эрүүл ахуй, халдвар судлалын нөхцөл байдал тайван байгаа талаар ЗӨСҮТ мэдээллээ.