Газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд гарсан халдлагатай холбоотойгоор “Роснефть” шатахуунаа 30 литрээр хязгаарлажээ

Газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд гарсан халдлагатай холбоотойгоор “Роснефть” шатахуунаа 30 литрээр хязгаарлажээ

ОХУ-ын газрын тосны “Роснефть” компани шатахуун түгээх станцууддаа борлуулалтын хязгаарлалт тогтоож эхэлжээ. The Insider хэвлэлийн мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 9-ний өглөөний байдлаар тус компанийн шатахууны борлуулалтад хязгаарлалт тогтоосон нь ОХУ-ын долоогоос доошгүй бүс нутагт батлагдсан байна.

Тухайлбал, Өвөр Байгалийн хязгаарт нэг хүнд 50 литр хүртэл бензин олгож байгаа бол зарим шатахуун түгээх станцад 30 литрээр хязгаарлажээ. Мөн Карелийн Бүгд Найрамдах Улсад дизель түлшийг 50 литр хүртэл олгох, ачааны автомашинд зориулсан тусгай түгээгүүрээр 200 литр хүртэл түлш олгох хязгаарлалт үйлчилж байна. Тус бүс нутагт бензинийг канистрт хийхээр худалдаалахаа зогсоожээ. Өмнө нь “Роснефть” улсын хэмжээнд шатахууны борлуулалтад тогтоосон хязгаарлалтаа аравдугаар сарын 20-дын үеэр цуцалсан ч хоёр долоо хоног гаруйн дараа дахин сэргээсэн байна.

Шатахууны борлуулалтыг дахин хязгаарлах болсон нь тус компанийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд сүүлийн өдрүүдэд гарсан халдлагуудтай холбоотой гэж The Insider мэдээлжээ. Тухайлбал, аравдугаар сарын 31-нд Уфа хотын “Башнефть-Новойл”, арваннэгдүгээр сарын 3-нд Ярославль хотын “Славнефть-ЯНОС”, арваннэгдүгээр сарын 5-нд Рязань хотын газрын тос боловсруулах үйлдвэр халдлагад өртсөн байна.