АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) даваа гарагт /2026.11.09/ хэрэглэгчид болон эрүүл мэндийн салбарынханд хандан мэдэгдэл хийхдээ, глюкагон төст пептид-1 (GLP-1) хормоны эм хэрэглэх үед нүдний ноцтой эмгэг үүсэх эрсдэл өсөж болзошгүй гэжээ.
Ийм учир “FDA” GLP-1 хормоны эм үйлдвэрлэдэг “Eli Lilly’s”, “Novo Nordisk” зэрэг компаниудыг шошго дээрээ энэ эрсдэлийг тусгаж өгөхийг шаардаж эхэлсэн байна. Тодруулбал, тус эмийг хэрэглэх үед артерийн бус гаралтай харааны мэдрэлийн урд хэсгийн ишемит нейропати (NAION) нэртэй ховор, ноцтой эмгэг үүсэх эрсдэл нэмэгддэг аж. Энэхүү эмгэг нь гэнэт, ямар нэгэн өвдөлтгүйгээр хараагаа алдах тохиолдлын түгээмэл шалтгаан болдог байна. “NAION” нь харааны мэдрэлийн урд хэсэг рүү очих цусны урсгал буурснаар үүсдэг эмгэг. Гэхдээ одоогийн байдлаар тус эмгэг үүсэхэд нөлөөлдөг гол шалтгааныг тогтоогоогүй байгаа аж.
“Eli Lilly’s” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ “FDA гаргасан эмийн аюулгүй байдлын талаарх мэдэгдэл нь GLP-1 төрлийн бүх эмд хамаарна. Зөвхөн манай компанийн эмтэй холбоотой ямар нэгэн дүгнэлт байхгүй. Бид энэ мэдэгдлийг сайтар судалж байгаа бөгөөд FDA-д цаг алдалгүй хариу өгөх болно” гэжээ. Харин “Novo Nordisk”-ийн хэвлэлийн төлөөлөгч “Бидний үзэж буйгаар энэ мэдэгдэл нь шалтгаан-үр дагаврын холбоог нотлохгүй байна. Бид GLP-1 бүлгийн эмийн ач тус-эрсдлийн харьцаанд итгэлтэй хэвээр байгаа” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters