Архангайд бүлэглэн хулгай хийж байсан этгээдүүдийг олж тогтоон эд зүйлсээ хулгайд алдсан хохирогчдыг хайж эхэлжээ

Архангайд бүлэглэн хулгай хийж байсан этгээдүүдийг олж тогтоон эд зүйлсээ хулгайд алдсан хохирогчдыг хайж эхэлжээ

Архангай аймгийн нутаг дэвсгэрт энэ оны аравдугаар сарын 18-23-ны өдрүүдэд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, хөөрөг, мөнгөн эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайд алдсан дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Шалгалтын ажиллагаагаар өмнө нь удаа дараа ял шийтгүүлж байсан болон гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Ч нарын бүлэг 4 этгээд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орогнож байсныг олж тогтоон хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчиллаа.

Нэгжлэгээр гэмт хэрэг үйлдэж олсон байж болзошгүй 31 ширхэг хөөрөг, 19 даалин, мөнгөн бөгж, гинж, кулон, бугуйн цаг, дуран зэрэг эд зүйлийг хураан авсан. Одоогоор хөөрөг 20, даалин 10, цагаан өнгийн болон шаргал өнгийн 20 орчим тооны металл эдлэлийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна. Хураан авсан эд зүйлсийг хохирогч нарт таниулах, таньж олуулах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Хэрэв дээрх эд зүйлс дунд таны эд зүйл байвал Архангай аймгийн цагдаагийн газартай холбогдоно уу. Иргэд Та бүхэн орон байр, эд хөрөнгийнхөө аюулгүй байдлыг хангаж, сэжигтэй үйлдэл, нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт даруй мэдэгдээрэй.