Засгийн газар "Дулаан гараашийг татвараас чөлөөлөх" хуулийн төслийг дэмжлээ

Засгийн газар "Дулаан гараашийг татвараас чөлөөлөх" хуулийн төслийг дэмжлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төслийг дэмжлээ.

Тодруулбал, 100 мянган иргэний дэмжлэг авсан “Гараашны татвар цуцлуулах” санаачилгыг уг хуулийн төсөлд тусгахаар болсон байна. УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг хуулийн төслийг энэ оны тавдугаар сараас боловсруулж эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлжээ.

Мөн Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системээр “Гараашны татвар цуцлуулах” санаачилга гаргаж, 20 хоногийн хугацаанд 100 гаруй мянган иргэний дэмжлэг авчээ.Шинэчилсэн хуулийн төсөлд Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний нэг гарааш, авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгаж байгаа аж. Энэхүү зохицуулалтыг Монгол Улсын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд гарааш нь тансаг хэрэглээ бус, өрхийн өдөр тутмын ахуйн хэрэгцээ болдогтой холбон тайлбарлаж байна.