“CU” хотдог үйлдвэрлэхдээ эрүүл ахуйн зохистой дэглэм нэвтрүүлээгүй тул 3 сая төгрөгөөр торгожээ

“CU” хотдог үйлдвэрлэхдээ эрүүл ахуйн зохистой дэглэм нэвтрүүлээгүй тул 3 сая төгрөгөөр торгожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Сүхбаатар дүүргийн IV хороо, Сити плаза байрны нэгдүгээр давхарт байрлах “CU” салбар дэлгүүрт иргэнээс ирсэн гомдлын дагуу эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр шалгалт хийжээ.

Шалгалтаар тус салбар нь “хотдог” нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалахдаа эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын дагуу хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ.

Харин "Сэнтрал экспресс Си Ви Эс" ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан улсын байцаагчийн шийдвэрийг үл зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад анхан шатны шүүхийн шийдвэрээр улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Улмаар нэхэмжлэгч захиргааны хэргийн давж заалдах шат, хяналтын шатанд гомдол гаргасныг тухайн шатны шүүхийн магадлал, тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

НМХГ