Саруул хотхонд дахин “гэр бүлийн маргаан”-ны улмаас 31 настай эмэгтэй өндрөөс унаж, амиа алджээ

Саруул хотхонд дахин “гэр бүлийн маргаан”-ны улмаас 31 настай эмэгтэй өндрөөс унаж, амиа алджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Саруул” хэмээх хотхонд олныг цочроосон аймшигт гэмт хэргүүд тасрахгүй байна. Жишээлбэл, шунахайн сэдлээс болж эгчийнхээ аминд хүрсэн иргэн, ээжтэйгээ харилцаа тааруу байсны улмаас толгойг нь таслан шатаачихаад өндрөөс үсэрсэн хүү цаашлаад газ дэлбэрч, блок нурах гэх мэт иргэдийн айдсыг төрүүлэх үйл явдал сүүлийн үед тус хотхонд ихээр гарах болсон.

-ӨНГӨРСӨН НЯМ ГАРИГТ “САРУУЛ” ХОТХОНЫ АРВАН ДАВХАРААС 31 НАСТАЙ ЭМЭГТЭЙ "Г" УНАЖ, АМЬ НАСАА АЛДСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ-

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр буюу аравдугаар сарын 4-ний өдөр “Саруул” хотхоны 118-р байрны 10 давхараас нэгэн эмэгтэй унаж амь насаа алдсан хэрэг дахин гарчээ.

Хэргийг тодруулбал, тус байранд оршин суух 31 настай, эмэгтэй Г арван давхараас унаж амиа алдсан бөгөөд тус хэргийг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст нарийвчлан шалгаж байгаа аж.

Албан бус эх сурвалжын мэдээлснээр тус эмэгтэй нь “гэр бүлийн маргаан буюу ээжтэйгээ муудасны улмаас өндрөөс үсэрч амиа хорлосон” гэх ба тус хэрэг гадны нөлөөтэй юу эсвэл амиа хорлолт байсан уу гэдгийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.

-ТУС ХОТХОНД ГАРЧ БУЙ АЙМШИГТ ХЭРГҮҮДИЙН ИХЭНХ НЬ ГЭР БҮЛИЙН ТААГҮЙ ХАРИЛЦААНЫ УЛМААС ҮҮССЭН БАЙДАГ-

Хэдхэн сарын өмнө тус хороололд байрлах 115-р байрны 6 давхарт байрлах иргэн Н-ийн байр шатаж, улмаар 23 настай Б өндрөөс унаж газар дээрээ нас барсан ноцтой хэрэг гарсан билээ. Энэ талаар ОБЕГ-аас “галыг унтраах үед хөл, толгойг нь скочоор ороосон, 46 настай, эмэгтэй цогцос олдсон” талаар мэдээлж, олон нийтийг цочирдуулсан юм. Тухайн үед эх сурвалжуудын мэдээлж байснаар “23 настай Б нь наймдугаар сарын 2-ны өдрөөс хойш хоёр өдрийн турш ээжийгээ хүлээтэй байлгаж, тамласны дараа амийг нь хөнөөгөөд, хэргийн ул мөрөө баллахын тулд гал түймэр тавьж, өөрөө үсэрч амиа егүүтгэсэн байж болзошгүй гэдэг.

46 настай талийгаачийг гэрээс гаргах үед хоолой нь маш гүн шархтай, толгойг биеэс унагахгүйн тулд скочоор дарж скочдсон байдалтай, харин 22 настай Б нь өндрөөс унахдаа хөлөөрөө буусан бөгөөд дөрвөн мөч нь хугарсан хүнд бэртлээсээ болоод газар дээрээ нас барсан" хэмээн мэдээлж олныг цочирдуулж байсан билээ.

Мөн өмнө нь “Саруул” хотхоны 115, 113 гэх байрнуудад газ дэлбэрч, блок нуран иргэд түлэгдэж, эмнэлэгт хүргэгдэж байсан удаатай. Тус хотхоныг “Алтай констракшн” ХХК барьж, 2015 онд ашиглалтанд оруулсан бөгөөд иргэдийн зүгээс тус хороололд гараад буй учир битүүлэг, аймшигт хэргүүдийн талаар ихээр ярилцдаг. Харин эдгээр хэргүүд нь ихэвчлэн гэр бүлийн маргаан, таагүй харилцааны улмаас үүссэн байдаг нь олны анхаарлыг татаад буй юм.

Хэрэг гарсан 118 дугаар байр