"Сурталчилгааны самбар байрлуулж байхаар нэг ч гэсэн гэрлэн дохио хийх сэтгэлтэй бай"

"Сурталчилгааны самбар байрлуулж байхаар нэг ч гэсэн гэрлэн дохио хийх сэтгэлтэй бай"

Өчигдөр /2020.10.05/ өдрийн 16:48 цагийн орчимд Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарцан дээр “BMW X3” маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол гарсан талаар бид мэдээлсэн билээ.

Харин амь хохирогчийн эгч өөрийн нүүр хуудсандаа “Зам тээврийн осол жил ирэх тусам нэмэгдэж эрүүл саруул амьд явах баталгаа үнэндээ энэ нийгэмд алга. Хаа нэг газар хүчин,  ослоор  хүүхэд амиа алдлаа гэхэд хэсэгхэн хором бухимдаад л өнгөрдөг. Үүний цаана гэр бүлд нь ямар их зовлон шаналал авчирдаг вэ манай гэр бүл амсаж, цэцэг цэврүү шиг охин дүүгээ  зам тээврийн ослоор алдлаа. Яармагийн эмнэлгийн буудал болон 118-р сургуулийн буудал дээр гэрлэн дохио байдаггүй. Яагаад анхнаасаа гэрлэн дохио хийгээгүй юм. Хэнийг хий гэж дутуу орхисон юм бэ. Сонгуулийн самбарнууд осолд 100 хувь нөлөөлөөгүй ч ухуулгын самбарт тодорхой хэмжээний төсөв гарч байгаа. Замын зайтай гэсэн хэсэг болгонд ихээр байрлуулж байгаа энэ мөнгөөрөө ядаж нэг ч гэсэн гэрлэн дохио хийж болдоггүй юм уу” хэмээн бухимдалаа илэрхийлжээ.

Энэхүү осол нь нэн түрүүнд жолоочын хариуцлагагүй байдлаас болж гарсан бөгөөд сурталчилгааны самбарыг бодлогогүй газар байрлуулсан албан тушаалтнуудад мөн хамааралтай юм. Өнөөдөр өглөө Яармагийн зам буюу “British school”-ийн гарцан дээр 10 настай хүүхдийг мөргөсөн осол мөн бүртгэгдсэн бөгөөд иргэд, жолооч нарыг явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх, мөн эцэг эхчүүдийг  10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсаар байна.