Сураггүй болсон Хойд Солонгосын иргэн Өмнөд Солонгост ирж суурьшсан байжээ

Сураггүй болсон Хойд Солонгосын иргэн Өмнөд Солонгост ирж суурьшсан байжээ

Хоёр жилийн өмнө буюу 2018 оны сүүлээр Ром хотоос сураггүй алга болсон Итали дахь БНАСАУ-ын ахлах төлөөлөгч асан одоо БНСУ-д байгаа гэж тус улсын нэгэн хууль тогтоогч өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ.

Тодруулбаl, БНСУ-ын "Сөрөг хүчний нам"-ын төлөөлөгч Ха Тэ-Кён өөрийн фейсбүүк хуудсандаа “Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Жо Сонг-Гил өнгөрсөн оны долдугаар сард Өмнөд Солонгост нэвтэрсэн нь тогтоогдсон бөгөөд одоо Засгийн газрын эрх мэдэлтнүүдийн хамгаалалтад байгаа" гэж бичсэн байна. Үүний дараагаар хэд хэдэн баттай эх сурвалж Жо Сонг-Гилийг эхнэрийнхээ хамт Өмнөд Солонгост гуравдагч орноор дамжиж ирсэн нь үнэн гэж мэдээлсэн аж.  Хэрэв энэ батлагдвал Жо Сонг Ил БНАСАУ-аас БНСУ-д суурьшсан хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг болох юм.

Жо Сонг-Гил Ромд Умард Солонгосын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр сууж байхдаа бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнөхөн буюу 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр ямар нэгэн мэдэгдэлгүйгээр алга болсон аж. Тэр үед түүнийг Итали болон бусад улс орны Засгийн газрын хамгаалалт дор гуравдагч орноос орогнол хүсэж байгаа гэсэн мэдээлэл өргөн тархаад байсан билээ.

Эх сурвалж: Yonhap