Тусгаарлалтын мөнгөө төлөөгүй иргэдийн нислэгийн тийзийг цуцлах шийдвэрийг МИАТ гаргажээ

Тусгаарлалтын мөнгөө төлөөгүй иргэдийн нислэгийн тийзийг цуцлах шийдвэрийг МИАТ гаргажээ

Манай улс коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хилээ хааж, зарим тохиолдолд дотоод хөдөлгөөндөө хязгаарлалт хийгээд есөн сарын хугацааг өнгөрөөж байна. Энэ хугацаанд гадаад оронд гацаж, эх орондоо ирэх боломжгүй болоод байгаа Монгол улсын иргэдээ МИАТ ТӨХК-иас тусгай үүргийн нислэг үйлдэж эх оронд нь авч ирж байгаа билээ.

Иргэд эх орондоо ирээд 21 хоног тусгаарлагдахын зэрэгцээ онгоцны хоёр талын тийзны төлбөр төлж байгаа тул санхүүгийн асуудал ихээр гарч байгаа нь нууц биш. Зарим иргэдийн хувьд гадаад оронд олон сар гацаж, эх орондоо очихын тулд монгол дахь гэрийнхээ эд хогшлыг зарж, таньдаг хүмүүсээсээ мөнгө зээлсээр онгоцны билетнийхээ мөнгийг олж байгаа ч тохиолдол бий.

-ТУСГААРЛАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ ИРГЭДИЙГ АВТОБУСАНД СУУЛГАВАЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙВ-

Харин УОК-ын Шуурхай штабаас өмнө нь мэдээлэл хийхдээ “Иргэд эх орондоо ирчихээд тусгаарлалтын төлбөрөө төлөхгүй, удаах тохиолдол их байна. Зарим иргэдийн төлбөрийг барагдуулах гээд Сонгинохайрхан дүүргийн цагдаад хандаад араас нь явж байна. Бүр сүүлд нь Улсын Ерөнхий прокурорт нэг прокурор гаргаж өгөөч гэж хүртэл хандсан. Өр төлбөр барагдуулах шаардлагатай байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэг шийдвэр гүйцэтгэгчийг урьж ажиллуулж байна. Иймээс тусгаарлах байрны төлбөр төлөөгүй иргэдийг автобусанд суулгасан тохиолдолд хариуцлага тооцох болно” гэсэн албан бичгийг илгээсэн гэж мэдэгдэж байв. Энэхүү мэдэгдэлд иргэд нэлээдгүй шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд төр хилээ хааж, иргэдийн гадаад гацах нөхцөлийг өөрсдөө бүрдүүлчхээд, хөдөлмөр эрхлүүлж, хуулийн байгууллагад хандаж болохгүй, иргэдийн УОК-т өгсөн хандив юунд зарцуулагдав гэх мэтээр шүүмжилж байв.

-ТУСГААРЛАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ ИРГЭДИЙН НИСЛЭГИЙН ТИЙЗ ЦУЦЛАГДАХ ШИЙДВЭР ГАРЧЭЭ-

Тэгвэл өнөөдөр МИАТ өөрийн албан ёсны нүүр хуудсандаа “Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгийн тийз авсан зорчигчид тусгаарлалтын байрны мөнгөө төлөөгүй тохиолдолд нислэгийн тийз цуцлагдах болсныг мэдэгдье” хэмээн нийтэлсэн нь мөн л олны шүүмжлэлийг төрүүлээд байна. МИАТ компаний хувьд билетнийхээ мөнгийг төлсөн иргэдийг зөвхөн тээвэрлэх, эх оронд нь авчрах үндсэн үүрэгтэй бөгөөд УОК-ын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэггүй субьект. Гэсэн хэдий ч гадны оронд олон сар гацаж нислэгийнхээ мөнгийг арай ядан олж өгч буй иргэдэд хатуу шийдвэрээр хандалгүй, уян хатан нөхцөл бүрдүүлж өгөх нь илүү дээр бус уу дарга нараа. Иргэд юуны түрүүнд эх орондоо ирчихээд тусгаарлалтын мөнгөө зохицуулах боломжтой гэсэн хүсэлтийг олон удаа тавьж байна. Онцгой байдлын алба гал усны гамшгаас иргэдээ мөнгөтэй мөнгөгүйгээр ялгаж авардаггүй биз дээ.