Уулын Карабахын маргааны улмаас Армен, Азербайжаны дунд үүссэн мөргөлдөөн улам ширүүсэж байна. Өнөөдөр Турк улсаас Азербайжан руу илгээсэн хүмүүнлэгийн бараа ачсан онгоцын агаарын замыг Армены тал хаажээ. Улмаар шинэ тулалдааны хэлбэр Азербайжаны бүс нутгийг хүмүүнлэгийн хямралд оруулах эрсдэл үүсгээд байгаа аж.
Өнгөрсөн баасан гарагт /2020.10.09/ Армен, Азербайжаны талууд ОХУ-ын нийслэл Москва хотод хэлэлцээ хийсний дүнд Уулын Карабахд түр хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм. Талууд аравдугаар сарын 10-ны үд дундаас эхлэн галаа зогсоох ёстой байсан ч Карабахын нийслэл Степанакерт хотноо долоон удаа дараалсан хүчтэй дэлбэрэлт болсон. Гал зогсоох журмыг зөрчсөн явдалд Арменийн талаас гал зогсоох гэрээ үйлчилж эхэлснээс хойш тавхан минутын дараа Азербайжаны тал довтолгоо эхлүүлж, хот тосгодыг бөмбөгдөж эхэлсэн хэмээн мэдэгдсэн. Харин Азербайжаны талаас Арменийн тал гал зогсоох гэрээг зөрчиж, Азербайжаны Тертер, Агдам мужууд руу буудаж эхэлсэн хэмээн бие биенээ буруутгасаар байгаа юм.
Хэдийгээр ОХУ, Франц тэргүүтэй улс талуудыг галаа зогсоож, энх тайвнаар асуудлаа хэлэлцэхийг уриалж буй ч ийнхүү шинэ тулалдааны хэлбэр мөргөлдөөнийг улам хурцатгаж байна.
Эх сурвалж: Reuters