ВИДЕО: НАСА-гийн хөлөг дэлхийгээс алс хол байрлах эртний астероидын гадаргуугаас дээж авчээ

ВИДЕО: НАСА-гийн хөлөг дэлхийгээс алс хол байрлах эртний астероидын гадаргуугаас дээж авчээ

Дөрвөн жилийн өмнө дэлхийгээс хөөрсөн НАСА-гийн Osiris-Rex хөлөг 320 сая километрийн алсад байгаа Бенну (Bennu) нэртэй эртний астероидын гадаргууд амжилттай хүрчээ. Тус астероид нь 500 орчим метрийн диаметртэй бөгөөд манай нарны аймгийг үүсч байх үед бий болсон эртний сансрын биет тул гадаргуудаа асар чухал мэдээллийг агуулж байгаа аж.

Гэвч НАСА-гийн хөлөг тус астероид дээр газардах боломжгүй, зөвхөн хэдхэн секундын хугацаанд шүргэхдээ хөрснөөс нь дээж цуглуулж, дэлхийд авчрах зорилготой юм байна. Тэгвэл өнгөрсөн шөнө Osiris-Rex хөлөг TAGSAM (Touch-And-Go Sample Acquisition Mechanism) гэдэг робот гарны тусламжтай Бенну астероидын гадаргаас дээж авч чаджээ.

Робот гар ердөө 15 секундын хугацаанд гадаргууд хүрсэн бөгөөд ингэхдээ хүчтэй даралттай хийгээр үлээж, агаарт босгосон тоос, чулуулгыг цуглуулсан аж.

Дэлхийгээс НАСА-гийн хөлөгтэй харилцахад 18 минутын хоцрогдолтой мэдээ дамждаг байна. Тиймээс хөрсний дээж шүүрэх ажлыг хүний оролцоогүй, цэвэр автомат горимд гүйцэтгэжээ.

НАСА уг эртний астероидоос хамгийн багадаа 60 грамм дээж авах зорилготой. Харин одоо хэр их дээж авч чадсаныг шалгах ажил үлдэж, хөлгөөс ирэх мэдээллийг хүлээж байгаа хэмээн тус агентлагаас мэдээлжээ.

Эх сурвалж: CNET