Хүчирхийлүүлсэн иргэнээс шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр авахгүй байх зохицуулалттай болжээ

Хүчирхийлүүлсэн иргэнээс шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр авахгүй байх зохицуулалттай болжээ

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдоос шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр хэмээн 10 мянган төгрөг хураадаг байсан зохицуулалтыг халжээ. Энэ талаар “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн захирал Н.Арвинтариа "Бид үйл ажиллагаа явуулах 25 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийллийн маш олон хохирогчтой таарсан. 2004-2008 онд л гэхэд шүүх эмнэлгийн асуудлаас болж хэрэг нь шийдвэрлэгдээгүй 36,000 хүн байсан. Яагаад шүүх эмнэлэг бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон хүмүүсээс төлбөр авах ёстой гэж, тэр нь хуульд нийцсэн шударга зүйл үү гэдэг асуудлаар бид нэлээд ажиглаж, үнэлэлт дүгнэлт хийж ирсэн. Цагдаа нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдоос мэдүүлэг авах арга нь харьцангуй өөрчлөгдсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчоос мэдүүлэг авахдаа тусгай өрөө ашиглаж болно гэж заасан байдаг. Зарим тохиолдолд тусгай өрөөтэй болсон. Бага насны хүүхдээс тэр өрөөнд мэдүүлэг авдаг. Ер нь төр гэмт хэргийн халдлагад өртсөн хэнээс ч төлбөр авч төсвийн эх үүсвэр болгон гэдэг байж болохгүй асуудал” хэмээн мэдэгдлээ.

Монголын Хуульчдын холбооны хуульч, өмгөөлөгч С.Дондов "Аливаа хүчирхийллийн хохирогч хэн ч байж болно. Энэ хүмүүсийн найдвартай, хуулийн хувьд, эдийн засгийн хувьд баталгаатай байх боломжийг төр бүрдүүлнэ. Гэтэл төлбөр авч байгаа нь шударга бус юм. Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, өнөөдрөөс эхлэн уг зохицуулалт хүчингүй болсон хуулийн зохицуулалт мөрдөгдөж эхэллээ. Ард түмний эрх ашгийн төлөө хуулийн хяналт сайн байх ёстой. Хуульчид бас уг асуудлыг сайтар анхаарах хэрэгтэй” гэв.