ШӨХТГ-аас МҮИС-ийг таван сая төгрөгөөр торгожээ

ШӨХТГ-аас МҮИС-ийг таван сая төгрөгөөр торгожээ

Монголын Үндэсний их сургууль нь “Монголын үндэсний их сургууль-Монголын хамгийн том их сургууль гэж өөрсдийгөө тодотгож, цахим хуудас болон нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр реклам, зар сурталчилгааг түгээсэн байна.

Энэ нь Зөрчлийн тухай хуульд хуулиар хориглосон зар сурталчилгаа захиалсан, бүтээсэн, түгээхийг хориглосон зүйл заалтыг зөрчсөн болох нь хяналт шалгалтын үед тогтоогдсныг ШӨХТГ-аас мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, Монгол хамгийн том сургууль гэдгийг хэн тогтоодог, хаанаас, ямар байгууллага гаргадаг нь тодорхойгүй байхад өөрсдийгөө хамгийн том сургууль гэж тодотгох нь хэрэглэгчийг төөрөгдүүлж, зөв сонголт хийхэд сөргөөр нөлөөлж байна хэмээн үзжээ.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Монголын Үндэсний их сургууль-Монголын хамгийн том их сургууль” гэх зар сурталчилгаа түгээсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн тул Монгол Үндэсний их сургуульд 5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Хуулийн заалт

10.1 дүгээр зүйл.Зар сурталчилгааны тухай хууль зөрчих

4.Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.