Өмнөговь аймгийн иргэд “South gobi trans” компанийг хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэв

Өмнөговь аймгийн иргэд “South gobi trans” компанийг хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэв

Өмнөговь аймгийн малчид бэлчээр хамгаалах асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргэх талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, “South gobi trans” компанид ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон тухай мэдээллэв.

Тус компанийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдаагүй байхад уул уурхайн олборлолт явуулсан байна. Соёлын өвийн тухай хуулийн 27.10-д зааснаар тухайн компанийн археологийн хайгуул судалгаа хийлгээгүй тохиолдолд газрын зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно гэж заасан.

Энэ компани Соёлын өвийн үндэсний төвд хайгуул судалгаа хийсэн гэх мэдээлэл алга. Тэд нэр бүхий эрдэмтэй хуйвалдан, ховор олдворуудын талаар сумын байцаагчид хуурамч баримт бүрдүүлэн өгсөн. Гэтэл ашигт малтмалын талбай дээр нь хэдэн мянган жилийн настай олдворууд бий. Үүнийг нь улс авахаас зайлсхийлгэсэн.

Ашигт малтмалын газарт улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ажлын бүх баримт архивд нь бий. Бид Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргахад бидэнд улсын төсвийн хөрөнгөөр Тостын нуруунд хайгуул хийгээгүй гэж албан бичгээр хариу өгсөн. Гэтэл бид бултах аргагүй баримт олсон.

Иймд компанийн орлогыг тухайн сумын Төрийн санд төвлөрүүлэх хуулийн заалт бий. Бид мэргэжлийн үнэлгээний байгууллагад хандан, хохирол тогтоолгоно. Өмнө нь Мөн тус компани Ашигт малтмалын тухай хуулийн 40.2-т заасныг зөрчсөн.

Энэ тухай тэд, “Багийн иргэдийн хурлын ирц бүрдээгүй байхад хурлыг хийвэл хурал хүчингүй болдог. Тост багийн иргэд хуралдан, тогтоол гаргаж, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Энэ тохиолдолд уул уурхайн копманид ямар шийтгэл оногдуулах вэ гэхээр байгалийн баялгийг хууль бусаар олборлосон гэж үзнэ. Иймд бид Эрүүгийн цагдаа, Зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тус тус хандана” гэлээ.   

Мөн тэд “South gobi trans” компанийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг түдгэлзүүлж өгнө үү гэж салбар яаманд хандсан ч өнөөг хүртэл шийдээгүй байна. АТГ-т хандсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар ямар ч арга хэмжээ аваагүй ажээ.

Түүнчлэн “Ерөнхий сайд У.Хүрэлсүх улсын төвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайг төрийн мэдэлд буцааж авна гэдгээ мэдэгдсэн. Иймд Ерөнхий сайдаас ам асуух хэрэгтэй” гэлээ.