Даншигт явсан хойгуур гэр нь үерийн усанд автаж, урсжээ

Даншигт явсан хойгуур гэр нь үерийн усанд автаж, урсжээ

Увс аймгийн Улаангом сумын наймдугаар багийн “Бор үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 5 км-т/ энэ сарын 25-ны өдрийн 18:00 цагт түр зуурын усархаг бороо оржээ. Үерийн улмаас гурван айлын гэр усанд автсан тухай дуудлагыг долдугаар сарын 25-ны өдрийн 21:50 цагт тус аймгийн онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Увс аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн долоон алба хаагч, нийт 12 алба хаагч, хоёр автомашинтай ажиллаж, тус сумын харьяат Н, Н, Д нарын 8 ханатай 3 гэр, 6 ханатай нэг гэрийг эд хогшлын хамт аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.

Мөн Хөвсгөл аймгийн Рашаант сумын тавдугаар багийн “Ширгүү” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 42 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 196 км-т/ малчин Д-гийнх гэр бүлээрээ “Даншиг” наадам үзэхээр аймгийн төв рүү явсан байна.

Энэ үеэр буюу долдугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагт орсон түр зуурын усархаг борооны улмаас 5 ханатай гэр, эд хогшил нь үерийн усанд урссан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Саранцэцэг аймгийн Онцгой байдлын газарт долдугаар сарын 26-ны өдрийн 00:44 цагт мэдээлжээ.