"Аравт" морин цэргийн уралдаан үргэлжилж байна

"Аравт" морин цэргийн уралдаан үргэлжилж байна

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн санаачилгаар “Дэлхийн цэргийн наадам” тав дахь жилдээ дэлхийн 10 оронд өчигдөр нэгэн зэрэг эхлээд өнөөдөр үргэлжилж байна.

Тус наадмын шинэ төрөл “Аравт” морин цэргийн уралдаан Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болж байна. 

"Аравт" морин цэргийн уралдааны нээлтэд ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат, орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 41 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Подвилов, БНКазУ-ын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов, Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев болон уралдаанд оролцогч, ажиглагч орны элчин сайд, генерал, офицерууд оролцсон юм. 

Уралдаанд Монгол, Орос, Казахстан, Киргиз улсын Зэвсэгт хүчний баг тамирчид өрсөлдөх бөгөөд БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг орон ажиглагчаар оролцож байна. 

Энэхүү наадамд 10 орны нутаг дэвсгэрт  36 орны 220 гаруй  багийн  6000 гаруй цэргийн алба хаагчид, 32 төрлийн уралдаанд мэргэжил ур чадвараа сорин өрсөлдөнө. Алсын зайн маршид өнөөдөр Казахстан, Киргизийн хоёр баг уралдаж, усан саад, минэжүүлсэн саад, морь сэлгэх, уналгад бэлдэх, хээрийн хоноглолт, татан гаргалт гэсэн дөрвөн цэгт үүрэг гүйцэтгэнэ. Казахстаны баг өглөө гараанаас гарсан бол Киргизийн баг сая гараанаас гарлаа. Тэдний хамгийн эхэнд гүйцэтгэх даалгавар нь усан саад юм.

Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” гэсэн төрлүүдэд  оролцож, жилээс жилд амжилтаа ахиулж ирсэн. Тэгвэл   энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулж, "Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, "Мэргэн буудагчийн зааг”-т үндсэн оролцогчоор, “Цэлмэг тэнгэр”, “Артиллерийн галын мастер”, “Аюулгүй орчин”-д ажиглагчаар оролцож байна. Уралдаан энэ сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.