Харуулын даргаа хөнөөж зугтсан цэргийн албан хаагчдыг МӨРДӨЖ байна

2021-04-09 10:48

ШУУРХАЙ МЭДЭЭ: ЗХЖШ-аас Говь-Алтай аймаг руу нисдэг тэрэг хөөргөжээ

Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах хилийн цэргийн 0214 дүгээр  ангийн дөрөвдүгээр застав буюу Баянтооройн заставт хугацаат цэргийн алба хааж байсан Х, М нар харуулын дарга 34 настай Г-г буудаж хөнөөгөөд галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг өнгөрсөн шөнө 22:00 цагт гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл одоо Хил хамгаалах ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг болон Говь-Алтай аймгийн цагдаагийн алба хаагчид хүний амь хөнөөгөөд зэвсэглэж зугтсан хоёр цэргийн алба хаагчдыг мөрдөж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Мөн энэхүү үйл явдалтай холбогдуулж, ЗХЖШ-аас нисдэг тэргийг Говь-Алтай аймаг руу хөөргөсөн байна. 

2021-04-09 10:31

Харуулын даргаа хөнөөж зугтсан цэргийн албан хаагчдыг МӨРДӨЖ байна

Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гараад байна.

Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг шөнийн 03.30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж, газар дээр нь шуурхай очин, одоогийн байдлаар аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид мөрөөр нь мөрдөн ажиллаж байна. Харуулын дарга, ахлах ахлагч Г нь хилийн харуулд дөрвөн хугацаат цэргийн алба хаагчийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр дээрх хоёр хугацаат цэргийн алба хаагчид хилийн манаанаас харуулын байрлалд эргэн ирээд харуулын даргыг буудан хороогоод оргосон байна. Хилийн харуулд хамт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Д, Т нар хилийн салбарын зүгт зугтаж, энэ хэргийн талаар мэдээлсэн байна. Оргосон байлдагч Х, М нар нь айлын мотоцикль дээрэмдэн унан зугтаж яваа бөгөөд цагдаа, тагнуул, Хил хамгаалах байгууллагаас томилогдсон бүлэг дээрх хугацаат цэргийн алба хаагчдыг мөрөөр нь мөрдөж байна.

Эх сурвалж: ХХЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

2021-04-09 09:21

ШУУРХАЙ МЭДЭЭ: Цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа хөнөөгөөд зэвсэглэн зугтжээ

Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч нь харуулын даргаа буудаж хөнөөгөөд галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг өнгөрсөн шөнө 22:00 цагт гарсан байна.  Тэд 19 настай бөгөөд харуулын дарга 34 настай Г-г хэд хэдэн удаа буудаж хөнөөсөн байна. Тэд оргохдоо айлаас мотоцикл хулгайлж, зэвсэглэн зугтсан ажээ. Эрэн сурвалжлах ажиллагаа урьд шөнөөс эхлэн цэрэг, цагдаагийнхан хамтрал явуулж эхэлжээ. 

Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно.