Ш.Лхачинжав: Явсан зүг нь өөрсдийн нутаг Бугат сум тал руу чигтэй байна

Ш.Лхачинжав: Явсан зүг нь өөрсдийн нутаг Бугат сум тал руу чигтэй байна

Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах хилийн цэргийн 0214 дүгээр  ангийн дөрөвдүгээр застав буюу Баянтооройн заставт хугацаат цэргийн алба хааж байсан Х, М нар харуулын дарга 34 настай Г-г буудаж хөнөөгөөд галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг өнгөрсөн шөнө 22:00 цагт гарсан талаар бид мэдээлсэн. 

Энэ хэрэг явдлын талаар Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Ш.Лхачинжав мэдээлэл өгөх үеэрээ “Хэрэг үйлдсэн хоёр цэргийн нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харъяат Х, нөгөө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М гэдэг байлдагч. Цэргүүдийн сэтгэл зүйн хувьд ямар нэгэн анхаарал татахаар шинж тэмдэг илрээгүй. Иймд яагаад, юунаас болоод ийм хэрэг үйлдэх болов гэдэгт дүгнэлт хийж байна. Оргосон хоёр цэргийн ар гэрийнхэнтэй холбогдож, хэргийн талаар хэлсэн. Аав ээж нь “Хилийн цэргийн ангид хүүгээ сайн байгаа гэж бодож байсан. Ийм зүйл сонсоод сандарч байна. Одоо яах вэ” гэж хэлж байгаа.

Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж ирээд хилээс 15 орчим километр зайд байрлах Алтай сумын малчин М гэдэг айлын мотоциклыг авч, явахдаа боорцог, идэж уух юм аваад гарсан байна. Ингэж яваад 50 орчим км зайд мотоциклынх нь бензин дууссан учир цааш уул руу орсон нь тогтоогдсон. Явсан зүг чигийн хувьд өөрсдийн нутаг руу Бугат сум тал руу чигтэй байна. Хэрэг үйлдсэн хоёр цэргийн нэг болох Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х нь ам бүл дөрөв, аав ээж дүүгийн хамт амьдардаг. Нөгөө цэрэг нь ам бүл тав, эгч дүү аав ээжийн хамт амьдардаг 19 настай залуучууд. Өргөсөн тангаргаасаа буцаж, ийм зүйл хийсэнд харамсаж байна” гэж мэдэгдлээ.