ТОДРУУЛГА: Даргаа хөнөөж, буутай зугтсан цэргүүдийг тайвшруулж байгаад ар гэрийн хүнээр нь дуудуулжээ

ТОДРУУЛГА: Даргаа хөнөөж, буутай зугтсан цэргүүдийг тайвшруулж байгаад ар гэрийн хүнээр нь дуудуулжээ

Энэ сарын 08-ны өдөр /2021.04.08/ Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн IV Баянтооройн заставт хугацаат цэргийн алба хаагч 19 настай Х, М нар харуулын дарга 34 настай Ж.Гэрэлт-Одыг буудаж амь насыг нь бүрэлгээд галт зэвсэг болон байлдааны 40 гаруй сумын хамт авч, оргосон хэрэг гарсан. 

Харин тэднийг өчигдөр /2021.04.11/ өглөө 10:20 цагт ямар нэг эрсдэлгүй саатуулсан байна. 

-БУСДЫГ БУУДАЖ АЛАХ ХҮРТЛЭЭ АСУУДАЛТАЙ ТУЛГАРСАН ЦЭРГҮҮДИЙГ ТАЙВШРУУЛЖ БАЙГААД ГУРАВ ХОНОГИЙН ДАРАА СААТУУЛЖЭЭ-

Тодруулбал, тэднийг хэрэг явдал гаргаснаас гурав хоногийн дараа саатуулсан. Энэ нь ч учиртай аж. Тодруулбал, хүний амь насыг хохироосон, галт зэвсэгтэй тэднийг шууд саатуулах гэвэл буудалцах эрсдэлтэй тул тайвшруулж, стрессийг нь буулгаж байгаад тэдний ойр дотнын хүмүүсээр нь дуудуулсан бололтой. Тухайлбал, Х-гийн ах нь утсаар холбогдон, “Ахлах ахлагч Г амьд байгаа” гэх зэргээр ярилцаж байж бууг нь хаяулж баривчилсан ажээ. 

Үнэндээ, бусад хэвлэлд гараад байсан шиг хайгаад олохгүй, шөнө нь эрлийн ажлыг зогсоогоод, өдөрт нь нисдэг тэргээр агаарт эргээд байсан зүйл огт байхгүй аж. Тэдний байршлыг аль эрт тогтоочихсон, гарах байршлуудыг нь хяналтдаа авчихсан, галт зэвсэгтэй тул дээгүүр нь нисдэг тэрэг хөөргөхгүй, хугацаа хожиж тайвшруулсан бололтой. Мөн цагдаагийн тусгай алба хаагчид ойролцоох хоёр малчин айлд энгийн хувцастай байрлаж, мөн малд явж буй иргэн болох зэргээр орчныг нь ажиглаж байжээ. Энэ нь цагийн байдлыг зөв үнэлж, тохирсон арга хэмжээг авсан, гол нь дахин хэний ч амь насыг эрсдэлд оруулахгүй байх бидний зорилго байсан гэж эх сурвалжууд бидэнд онцолж байгаа юм. 

-СЭТГЭЛ ЗҮЙ НЬ ТОГТВОРГҮЙ БАЙНА ГЭЖ ДҮГНЭЖ БАЙЖЭЭ-

Эх сурвалжуудын мэдээлснээр гэмт хэрэг холбогдсон Х, М нарыг сэтгэл зүйн хувьд тогтворгүй байж болзошгүй хэмээн отрядын сэтгэлзүйч нь тодорхойлж, заставын сэтгэл зүй, соёл хүмүүжил хариуцсан орлогч нар анхаарах шаардлагатай гэж дүгнэж байсан аж. 

Харин хэрэг өдүүлсэн Х, М нар нь тухайн өдөр харуулд гарч байхдаа байлдааны сумаар бай буудаж дутаасан, дурангаа хагалж гэмтээсэн бөгөөд харуулын дарга нь зэмлэнэ гэдгээс айсандаа уг ноцтой хэргийг өдүүлсэн бололтой. Ингэхдээ харуулын цамхгийн ойролцоогоос нэг нь эхэлж буудаж, онохгүй бол нөгөөх нь үргэлжлүүлэн егүүтгэхээр тохиролцсон байсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй дээрх хоёр алба хаагч харуулын байрандаа ирэх ёстой цагаасаа өмнө ирээд уг хэргийг үйлджээ гэж livetv.mn сайт мэдээлжээ.

-Х, М НАРЫГ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ТАВАН ЗҮЙЛ АНГИД ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙНА-

Өнөөдөр тэднийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсгийн “бүлэглэж, албан үүрэгтэй нь холбогдуулж бусдын амийг бүрэлгэсэн”, 28.2-ын “дарга, захирагчаа эсэргүүцсэн”, 28.5-д заасан “цэргийн албанаас оргон зайлсан”, 28.15-ын “хилийн алба хаах журам зөрчсөн”, 17.2-т заасан “Бусдын эд хөрөнгө дээрэмдсэн” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон цагдан хорьсон байна.