ЦЕГ: “Никитон” хамтлагийн Б.Батчулууныг шалгаж буй шалгалтын дүн гараагүй байна

ЦЕГ: “Никитон” хамтлагийн Б.Батчулууныг шалгаж буй шалгалтын дүн гараагүй байна

Никитон хамтлагийн Б.Батчулуун нь дуучин С.Сэрчимаад хандаж “хүчингийн гэмт хэргийн шинжтэй” зүйл ярьж, тэд хөгжилдөн инээлдсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй.

Тодруулбал, Б.Батчулууны нэгэн танил нь архидан согтуурч, улмаар нэгэн бүсгүйг согтууруулж, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон үед нь хүчирхийлсэн байж болзошгүй зүйлийг ярьж, үл таних бүсгүйг тэд доромжлон инээлдсэн нь олон нийтийн шүүмжлэлд ийнхүү өртөөд байгаа юм. Харин түүний ярьсан зүйл нь Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хуулийн зохицуулалтад хамаарч байгаа юм.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Нийгмийн сүлжээнд гэмт хэргийн чанартай зүйл ярьсан “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулууныг шалгаж байна. Үнэхээр гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шалгах нь бидний үүрэг. Одоогоор шалгалтын дүн гараагүй учир мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.