Нэн ховор үнэт олдворуудыг 650 гаруй сая төгрөгөөр худалдах гэж байхад нь саатуулжээ

Нэн ховор үнэт олдворуудыг 650 гаруй сая төгрөгөөр худалдах гэж байхад нь саатуулжээ

Хүннү гүрний үеийн нэн ховор олдворуудыг худалдах гэж байсан хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн албаны ажилтнууд өнгөрөгч гуравдугаар сард дайчлан баривчилж, саатуулсан талаар “Өнөөдөр сонин”-ын гуравдугаар сарын 31 –ны өдрийн дугаарт нийтэлжээ. 

Тодруулбал, тус мэдээлэлд Б.Хаш-Эрдэнэ, М.Адъяаням, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл нар тэдгээр олдворуудыг Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцож байхад нь манай хууль сахиулагчид саатуулсан гэжээ. 

Уг олдворын эзэн нь “Адам” гэх хочтой, хошин урлагийн “Эмоци” продакшны менежерээр ажилладаг М.Адъяаням гэх залуу бөгөөд тэрээр хууль сахиулах байгууллагынханд мэдүүлэг өгөхдөө “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Э ээжтэй минь хамтран амьдарч байсан юм. Амьдралд чинь хэрэгтэй бол зарж борлуулна биз гэж надад бэлэглэсэн” хэмээн мэдүүлсэн сурагтай гэж нийтэлжээ. 

Үүнтэй холбоотойгоор Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Э –аас цагдаагийнхан тайлбар авахаар болоод буй гэнэ. 

Тэдний худалдах гэж байсан Хүннү гүрний үеийн олдворуудыг 2017 оны арваннэгдүгээр сард Дэлхийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан “Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнд дэлгэж олонд толилуулж  байжээ. Эдгээрийн нэг болох шилэн аяганы талаар судлаачид “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын балгасны талын “Гол мод-2” ын язгууртны булшийг судлахдаа археологич Э-ын удирдсан багийнхан олсон. Хамгийн содон олдвор нь Монголоос анх удаа олдсон Ромын шилэн аяга юм. Энэ нь Ази тив төдийгүй Монголоос олдсон хамгийн эртний шилэн эдлэлийн цор ганц хосгүй үнэт дурсгал” хэмээжээ.