Ү.Сарнай: С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн захиалагчийн хэргийг Ц.Нямдорж замхруулчихсан

Ү.Сарнай: С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн захиалагчийн хэргийг Ц.Нямдорж замхруулчихсан

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутгагдан 1.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр Ү.Сарнай хэвлэлд ярилцлага өгсөн байна. 

Тэрбээр уг ярилцлагаараа нөхөр Б.Хурцыг улс төрийн золиос болсон гэдгийг тодотгоод одоогоор биеийн байдал нь сайн байгаа гэж хэлжээ. Түүний ярилцлагаас С.Зориг агсны хэрэг болон ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой холбоотой хэлсэн зарим онцлох агуулгыг товчлон хүргэж байна. 

  1. С.Зоригийг хөнөөсөн хэргээс гадна “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг улсын нууцаас гаргавал олон зүйлийн учир зангилаа тайлагдана.Манай хүн ч тийм хүсэлтэй байгаа.
  2. Би эдгээр хэргийг улсын нууцаас гаргуулах хүсэлтээ төр засаг, холбогдох албаныханд тууштай гаргасаар байх болно.
  3. Анхан, давж заалдах, Улсын Дээд шүүх дээр энэ хэргийн гүйцэтгэгчид гэх хүмүүс хэргээ хэрхэн хүлээж, гэрчүүд юу гэж мэдүүлж, прокурорууд ямар нотлох баримтад үндэслэн яллах дүгнэлт үйлдсэнийг Монголын ард түмэн мэдэх эрхтэй.
  4. Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа ажиллахдаа энэ хэргийг илрүүлэхийн төлөө яг юу хийсэн юм бэ. Ёстой хуруугаа ч хөдөлгөөгүй нь үнэн биз дээ. Ж.Батзандан, Лу.Болд хоёроор “Хүүхэлдэй” хийж, С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийн хэргийг замхруулчихаж байгаа юм биш үү.
  5. Бүхэл бүтэн 23 жилийн туршид илрүүлэх хүсэлгүй байсан атлаа гүйцэтгэгчдийг нь илрүүлэхэд сандралдаж, захиалагчийнх нь хэргийг мөрдөн шалгахад саад хийж, ажил үүргээ гүйцэтгэсэн тагнуул, прокурорынхонд “Эрүүдэн шүүсэн” гэх хилс ял тулгасан хүмүүс үнэнийг ил болгож чадна гэж үү.
  6. Эрүүдэн шүүх сандлыг өч төчнөөнөөр захиалсан “Цаад эзэн”-ээр хүмүүс Ц.Нямдоржийг нэрлэж байсан. Одоо ч тэгж хэлж, бичиж харагддаг. Ёстой жинхэнэ яргалал үйлдэх зориулалттай сандалнуудыг ийнхүү оруулж ирж, мөрдөн байцаалтад ашиглахыг Х.Тэмүүжин болиулсан санагдана. Гэтэл Ц.Нямдорж нэг их өрөвч царайлж уйлан донгодоод байгаа нь хэр зохимжтой юм бол.
  7. УИХ-ын сонгуульд ялагдсан Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга болсон. Угтаа МАН-ын дүрэмд “УИХ-ын сонгуульд ялагдсан гишүүддээ улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй” гэж заасан байдаг тухай сэтгүүлчид бишгүй л бичсэн санагдах юм. Гэтэл МАН энэ Ц.Нямдоржид ямар өртэй юм бэ.
  8. АН-ыг хагалж, сонгуульд ялагдахад нь түлхэц үзүүлж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг хэрэг биш болгохын төлөө хамгийн их орилж, Ц.Нямдоржийн гар, хөл болсныхоо шагналд Ж.Батзандан Австралид Элчин зөвлөх, Лу.Болд Ерөнхийлөгчийн зөвлөх болж Ерөнхийлөгчөөс шагналаа авсныг энд хэлэх хэрэгтэй байх.
  9. Манай хүн насан буурал аав, ээж, алаг үрсээ орхиод Ц.Нямдоржийн шоронд орлоо доо.
  10. Манай хүн ТЕГ-ын дарга байхдаа хэвлэлийн бага хурал хийж “Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийг цагдаагаас дандаа салгасан байдаг. Ямар санаа зорилготойг мэдэхгүй. Дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжөөр энэ хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах ёстой. Гэтэл өнгөрсөн 19 жилийн хугацаанд арван удаа тараасан. Үүний дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан шүү” гэж мэдэгдсэн.
  11. Манай хүн 2017 оны арванхоёрдугаар сард тухайн үед ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлд “Д.Энхбатын хэргийг улсын нууцаас гаргаж өгнө үү” гэдэг хүсэлтийг бичгээр өгч байсан. Өнөөдрийг хүртэл хариу ирээгүй.
  12. Эндээс харвал, Д.Энхбат агсныг онгоцны буудал дээр хүлээлгэж өгсөн манай хүн биш, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж л тэр үед чухам юу болсныг сайн мэдэх учиртай.
  13. Хараахан гараагүй байна. Хэдийгээр манай хүнд хилс ял тулгасныг би хүлээн зөвшөөрөхгүй ч Монголын шүүхэд хүндэтгэлтэй хандана. “Та нар манай хүнийг хэлмэгдүүлчихлээ, сулла” гэж хэзээ ч хэл ам, хэрүүл зарга хийхгүй. Харин манай гэр бүл сүүлийн 20 шахам жил сэтгэл зүйн эрүүдэн шүүлтийг жинхэнэ утгаар мэдэрч байгаагийн хувьд С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Д.Энхбат агсантай холбоотой хэрэг, “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг шийдсэн гурван шатны шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь ил болгуулахын төлөө хатуу тэмцэх болно.
  14. Одоо надад алдах юм байхгүй. Энэ тэмцэл гарын үсэг цуглуулснаар дуусахгүй. Тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно. Ц.Нямдоржийн “Хонгил”-ын хамгийн том хохирогч, цор ганц золиос нь манай хүн Б.Хурц боллоо. Манай хүний хэлснээр, Ц.Нямдоржийн бузар булайг түүх шүүх биз. Бүх зүйл цаг хугацаатай.



Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө