БАРИМТ: АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг бүртгэсэн шүүгч Х.Сонинбаярт сахилгын хэрэг үүсгэжээ

БАРИМТ: АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг бүртгэсэн шүүгч Х.Сонинбаярт сахилгын хэрэг үүсгэжээ

Улсын Дээд шүүх /УДШ/ цахим сандаа “АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан” гэсэн бүртгэлийг хийгээд, удалгүй тус шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. 

Тодруулбал, “АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдийн 2020.11.05-ны өдрийн албан бичгээр дэд дарга Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг бүртгэсэн. Харин 2021.01.14-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор УДШ-ийн цахим бүртгэлд Ц.Тувааныг тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хассан” гэж тусгажээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Учир нь УДШ-ийн цахим сан дахь АН-ын бүртгэлд өөрчлөлт оруулж, Ц.Тувааныг дээрх албан тушаалд бүртгэхдээ Иргэний Хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаяр нь шүүх хуралдаан товлон зарлахгүйгээр, холбогдох ажилтанд цохолтоор үүрэг өгөх замаар шийдвэрлэж, улс төрийн намын бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой тогтоосон журмыг баримтлаагүй байжээ. Иймд Х.Сонинбаярын энэхүү үйлдэлд “сахилгын хэрэг” үүсгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж Шүүхийн ёс зүйн хорооноос үзсэн байна. 

Шүүхийн ёс зүйн хорооны тогтоол

Тухайлбал, улс төрийн намын дүрэм болон даргын бүртгэлд өөрчлөлт оруулахдаа “нэг хүний шийдвэрт үндэслэж биш” эрх барих дээд байгууллага /намын их хурал, ҮБХ/-аас гаргасан шийдвэрт үндэслэж, шүүгч нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж шийддэг байна. Гэтэл Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаалд УДШ-ийн цахим санд бүртгэхдээ нэг хүн буюу П.Нүрзэдийн албан тоотод үндэслэж, мөн шүүх хурлын бүрэлдэхүүнгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зөрчжээ.