Сэлэнгэ аймагт угаартаж нас барсан зургаан иргэний гурав нь нэг гэр бүлийнхэн байжээ

Сэлэнгэ аймагт угаартаж нас барсан зургаан иргэний гурав нь нэг гэр бүлийнхэн байжээ

-САМАРТ НИЙТ ГУЧУУЛАА ЯВЖЭЭ -

Хаврын цагт самрын болц гүйцэж, амттай болдог. Энэ үеэр самар үнэд орж хятад ченжүүд их хэмжээгээр өндөр үнээр худалдан авч байгаа аж. Үүнтэй холбоотойгоор самар ихээр ургадаг нутаг орон руу зорчих хөдөлгөөн нэмэгдсэн байна. Гэвч иргэд самар түүхдээ хувийн бэлтгэл муу, анхаарал сэрэмжгүй байсны улмаас голын усанд цөмрөх, угаартах, унаж гэмтэх, төөрөх зэрэг хэрэг ихээр гарах болжээ. Сүүлийн хоёр өдөр гэхэд л самарт явж байсан хоёр машин усанд осолдож, зургаан иргэн машиндаа угаартсан хоёр хэрэг Сэлэнгэ аймагт гарсан. Тиймээс иргэдийг анхаарал сэрэмжтэй байхыг сануулж уг мэдээллийг бэлтгэлээ.

Энэ сарын 12-ны өдөр /2021.04.12/ Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт самарт явж байсан зургаан иргэн машины бүхээгтээ дотроо угаартсан хэрэг гарсан. Хэргийг тодруулбал, нэг нутгийн 30 гаруй иргэн самар түүхээр Мандал сумыг зорьсон байдаг. Гэвч тэдний унаж явсан тээврийн хэрэгсэл эвдэрч шөнө гадаа хоноцгоох болжээ. Харин зургаа нь машинд унтсан бөгөөд жолооч болон бусад 20 хүн гадаа хоносон байна. Зургаан хүний хувьд хүйтэн, даарч байна хэмээн шөнө дунд машиныг халаасан бөгөөд огт цонхоо нээгээгүй битүү байлгасан нь харамсалтай хэрэг гарах шалтгаан болсон бололтой.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар нас барсан зургаан иргэний гурав нь нэг бүлийнх бөгөөд тэд ердөө 30 минутын дотор л угаартаж тус харамсалтай хэрэг гарсан байх магадлалтай гэх урьдчилсан нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.

Одоогоор хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд машинаа халааж байгаа тохиолдолд хаалга, цонхоо онгорхой байлгаж агаар оруулах, зуухныхаа амыг бүрэн тагласан эсэхээ байнга шалгах, түлээ нүүрсээ бүрэн шатаан хэрэглэхийг иргэддээ анхааруулж байна.