ТОДРУУЛГА: “Сэлэнгэ мөрөнд” живж амиа алдсан иргэдийн хэргийн дараа тус хавийн эргүүл, хяналт чангарчээ

ТОДРУУЛГА: “Сэлэнгэ мөрөнд” живж амиа алдсан иргэдийн хэргийн дараа тус хавийн эргүүл, хяналт чангарчээ

Одоогоос хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газраас Хөвсгөл аймгийн Рашаант сум руу явахаар “Сэлэнгэ мөрөнг” завиар гаталж байсан 10 хүний завь нь хөмөрч долоон иргэн усанд осолдож, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг.

Тэдний гурав нь буюу 38 настай иргэн Ү, 16 настай Б, 3 настай Б нар эрэг рүү амьд гарч чадсан бол 5 сартайгаас 50 настай долоон иргэн нь гарч чадалгүй амиа алдсан юм. Уг харамсалтай хэрэг гарч, цагдаа онцгой байдлын албанд мэдээлэл очсоноос хойш албаныхан тус долоон иргэнийг яаралтай эрэн хайж эхэлсэн боловч эхний өдөр дөрвөн иргэний цогцос олдож, үлдсэн гурван иргэнийг 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг 10 гаруй хоног хайсан ч үр дүнд хүрээгүй тул талийгаачдын ар гэрийхэнтэй нь зөвшилцөн эрлийн ажиллагааг зогсоогоод байгаа юм.

-ОСОЛ БОЛСОН ГАЗРААС 20-30 КМ-ИЙН ЗАЙД “ДӨРӨӨ ХАНГИНУУРЫН ГҮҮР” ГЭЖ БАЙДАГ Ч НУТГИЙН ИРГЭД ЗАМ ТОВЧЛОН ЗАВИАР ГОЛ ГАТЛАХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙДАГ-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэд нь Рашаант сумын малчид байсан бөгөөд Тосонцэнгэл сум руу очиж ямаа самначихаад буцах үедээ ийнхүү осолджээ. Тухайн хүмүүсийн дотор хоёр бага насны хүүхэдтэй залуухан гэр бүл байсан ба нөхөр нь 3 настай хүүгээ аван эрэг рүү гарч чадсан бол эхнэр нь таван сартай охиноо тэврээд усанд осолдсон байна.

Тэд тухайн өдөр Сэлэнгэ мөрний эрэг дээр оройн 19:00 цагийн үед машинаар очин завиар гаргадаг хүнийг гэрээс нь дуудан, гол гатлуулж өгөхийг гуйжээ. Ингээд гаргаж байх явцад голын дээгүүр татсан тросс тасарч осол болсон байна.

-НУТГИЙН ИРГЭД ЗАВИАР ГОЛ ГАТЛАХДАА АВРАХ ХАНТААЗ МЭТИЙН ЗҮЙЛС ӨМСДӨГГҮЙ. ТЭР ХЭРЭГ ГАРСНААС ХОЙШ ИРГЭДИЙГ ЗАВИАР ГОЛ ГАТЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙГАА-

Бид энэ талаар Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэнээс тодруулахад “ Маш харамсалтай хэрэг болсон. Амьд үлдсэн манай сумын малчин залуу их л хүнд байна гэж байна лээ. Үлдсэн гурван хүн нь одоо ч олдоогүй байна. Ер нь манай сумынхан зам товчлох зорилгоор завиар их гол гаталцгаадаг л даа. Тэр хавьд Сэлэнгэ мөрнийг гаталдаг “Дөрөө хангинуурын гүүр” гэж байдаг ч нэлээн хол байдаг юм. Мөн иргэдийг завиар гаргаж өгдөг хүн ч бий. Завь нь нэг жижгэрхүү завь байдаг санагдаж байна. Ер нь нутгийнхан завиар гарахдаа аврах хантааз мэтийн юм өмсдөггүй. Нэгэнт тийм хэрэг гарсан тул одоо тэр хавиар эргүүл, цагдаагийнхан хяналт тавьж ажиллаж байгаа гэсэн. Нутгийнхныг ч тэр хавиар гол гатлахгүй байхыг анхааруулж байгаа” гэж мэдээллээ.

-УСАНД ОСОЛДСОН ИРГЭД ИХЭВЧЛЭН ТОРОНД УРСАЖ ОЧДОГ ТУЛ ОЙРОЛЦООХ СУМДЫН ГҮҮРЭНД ХЭД ХЭДЭН ТОР ТАТЖЭЭ-

Коронавируст цар тахлын улмаас Хөвсгөл аймагт хөл хорио тогтоож, сум хооронд явуулахгүй байгаа бөгөөд тэдний осолдсон газраас ойролцоогоор 20-30 км-ийн зайд “Дөрөө хангинуурын гүүр” байрладаг байна. Тус гүүрэн дээр цагдаагийн пост байрладаг байжээ. Мөн хэрэг гарсны дараа осолдсон иргэдийг олохын тулд Их-Уул сумын гүүрэнд тор татжээ. Учир нь Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэд ихэвчлэн сумдын гүүрэнд татсан тор болон, ОХУ-ын усан хил дээр татсан торон дээрээс олддог байна. Сэлэнгэ мөрөн жилийн дөрвөн улиралд хөлгүй хуйлран, урсаж байдаг бөгөөд бороо хур ихтэй үед үерийн түвшин маш өндөр болж үерлэдэг аж.

-ОСОЛ БОЛСНЫ ДАРАА ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, УСНЫ ТҮВШИН НЭМЭГДЭЖ, ҮЗЭГДЭХ ОРЧИН МУУДСАН НЬ 1000 ГАРУЙ ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ЭРЛИЙН АЖИЛЛАГААНД СААД БОЛЖ БАЙЖЭЭ-

Эрлийн ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан 14 алба хаагч, 3 автомашин, 2 завьтай, Тариалан суман дахь ГТУА 46 дугаар ангийн 30 алба хаагч, 6 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын ГТУА 56 дугаар ангийн захирагч ахмад М.Отгонсүрэнгээр ахлуулсан 4 алба хаагч, 1 завьтай Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Ц.Пярлайгаар ахлуулсан 2 алба хаагч, 1 автомашинтай, 2 завьтай,  аймгийн Цагдаагийн газраас 12 алба хаагч, 2 автомашинтай, Шүүх шинжилгээний албанаас 3 алба хаагч, 1 автомашинтай, Тосонцэнгэл сумаас 292 иргэн, 76 автомашин, Рашаант сумаас 470 иргэн, 66 автомашин, Тариалан сумаас 38 иргэн, 3 автомашин, Их-Уул сумаас 132 иргэн, 33 автомашин,  автомашинтайгаар нийт 1001 хүн,  192 автомашин, 6 завьтайгаар 6 бүлэгт хуваагдан хайсан ч үлдсэн гурван иргэнийг олж чадаагүй юм.

Мөн уг осол болсны дараа их хэмжээний цас орж, Идэр, Чулуут, Дэлгэрмөрөн голууд үерлэж Сэлэнгэ мөрөнд цутгаж усны түвшин 2м орчим нэмэгдэж цас, мөсөн зайр гүйж, үзэгдэх орчингүй болсон, салхи шуургатай байж, усны гүн 2-3.5 метр, голын ус булингартай, үзэгдэх орчин муу эрлийн ажиллагаа явууллахад хүндрэлтэй зүйлс ихээр тохиолдож байжээ.