СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Коронавирусийн халдвартай иргэн гэртээ нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Коронавирусийн халдвартай иргэн гэртээ нас баржээ

Коронавирусийн халдвартай иргэн гэртээ нас барсан хэрэг сарын 4-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт гарсан байна.

-ХОРТ ХАВДАРТАЙ ИРГЭНИЙГ ЯАГААД ГЭРТ НЬ БАЙЛГАЖ
БАЙВ-

Хэргийг тодруулбал, тус дүүргийн ‘’Тоосгоны ... тоотод хүн нас барсан байна’’ гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Дуудлагын дагуу шалгахад 67 настай иргэн И ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ. Мөн тус иргэн нь ходоодны хорт хавдрын өвчтэй, коронавирусийн халдварт өвчний PCR шинжилгээний хариу энэ сарын 3-ны өдөр /2021.05.03/ эерэг гарч, гэрийн тусгаарлалтад байжээ. Холбогдох хууль, дүрэм журмын дагуу цагдаагийн байгууллагаас тус иргэний нөхцөл байдлыг Сонгинохайрхан дүүргийн онцгой комисс, Улсын онцгой комисс, ХӨСҮТ-д мэдэгдэн цогцсыг халдваргүйжүүлж ‘’Буян’’ ХХК-д хүлээлгэн өгчээ.

Цар тахлын үед мөрдөгдөж буй журмаар коронавирусийн халдвараар нас барсан иргэдийг ‘’Буян’’ ХХК чандарлаж буй юм. Энэ дагуу талийгаачийг чандарлахаар авч явжээ.

Өчигдөр /2021.05.06/ Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр манай улсад нийт 42,464 иргэн халдвар авснаас 142 иргэн нас барсан байна. Харин 27,242 иргэн эдгэжээ. Сүүлийн үед халдвар авагчдын тоо нэмэгдэж эмнэлгийн ачаалал ихэссэн. Үүнтэй холбоотойгоор өвчилсөн хүмүүсийг гэрт нь тусгаарлаж эмчилгээ, эмнэл зүйн зөвлөгөөг утсаар өгч өрхийн эмнэлгээс хянаж байгаа юм.

Гэхдээ хавсарсан хүнд өвчтэй олон эрхтэний дутмагшилд орсон хүмүүсийг заавал эмнэлэгт хэвтүүлэх чиглэлийг эхнээсээ барьж байсан.

Гэтэл дээрх нас барсан иргэнийг яагаад эмнэлэгт хэвтүүлж эмчлээгүй вэ гэдэг нь анхаарал татаж байна. Учир нь тус иргэн ходоодны хорт хавдрын өвчтэй байжээ.