Маргааш 1, 6-гаар төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй

Маргааш 1, 6-гаар төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй

Нийслэлийн Засаг даргын захирамжид өөрчлөлт орлоо. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын А/357 дугаар захирамжийн 3.4-т “Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр (хүнс, эмнэлэгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж,  хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын тээврийн хэрэгслээс бусад)  06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл саатал үүсгэхгүй байх, хариу арга хэмжээ авч ажиллах гэсэн байсан.

Үүнийг “Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл саатал үүсгэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ  авч ажиллах” хэмээн өөрчиллөө.

Өөрөөр хэлбэл,

  • Даваа гарагт 1, 6-гаар
  • Мягмар гарагт 2, 7-гоор
  • Лхагва гарагт 3, 8-аар
  • Пүрэв гарагт 4, 9-өөр
  • Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс