Хятад иргэнийг үүрч Монгол Улсын хил давуулсан хоёр иргэнийг ТЕГ шалгаж байна

Хятад иргэнийг үүрч Монгол Улсын хил давуулсан хоёр иргэнийг ТЕГ шалгаж байна

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Өмнөговь аймаг дахь хилийн 0166 дугаар ангийн хариуцсан ... дугаар тэмдэгтээр 2-3 хүн БНХАУ руу нууцаар явсан мөр байхыг хилчид 11-ний өглөө 08:00 цагт илрүүлсэн байдаг.

Ингээд хууль сахиулах байгууллагад мэдэгдэж, шалгахад “манай улсын харьяат хоёр иргэн арга заль хэрэглэн хуурамч мөр гарган Хятад иргэнийг хууль бусаар хил давуулсан” нь тогтоогдсон байгаа юм. Тодруулбал, тухайн иргэд нь нийт гурвуулаа явсан бөгөөд ингэхдээ нэгнээ үүрч явсаар хилийн торонд тулж, үүрч явсан хүнээ Монголын хил давуулаад, хоёр нь буцаж явсан байжээ.

Иймд тухайн хоёр иргэнийг яаралтай эрэн хайж, тухайн өдрийн 16:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна. Ингээд тухайн хоёр иргэн болоод 0166 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Мөнхбатыг Тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн байна.

Учир нь хилийн манааны ахлагч хил зөрчсөн иргэдийн мөрийг илрүүлсэн даруйдаа буюу 08:00 цагт ангийн удирдлагадаа мэдэгдсэн байна. Гэтэл тэрээр тухайн өдрийнхөө 14:00 цагийн орчимд Хил хамгаалах ерөнхий газартаа мэдээ хүргүүлжээ. Иймд түүний энэ үйлдэл санаатай байж болзошгүй гэж шалгаж байгаа аж. Харин Монгол Улсын хилийг хууль бусаар давсан Хятад иргэн тухайн өдрийнхөө 01:00 цагийн орчимд тус улсын хилчдэд баригдсан байна.