Энхсаран сувилалд эрүүгийн хэрэг үүсгэн прокурорт шилжүүлжээ

Энхсаран сувилалд эрүүгийн хэрэг үүсгэн прокурорт шилжүүлжээ

Өчигдөр /2021.05.10/ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 100 хоног тохиосон. Энэ үеэр хариуцлагагүй ажиллаж коронавирус тархах нөхцлийг бүрдүүлсэн гэх Энхсаран сувиллын асуудал хөндөгдсөн билээ. Хууль зүйн сайд Х.Нямбаатарын хувьд уг сувиллын газрын холбогдох хүмүүст хариуцлага тооцох ажил үргэлжилж буйг илэрхийлсэн юм.

Хамгийн сүүлийн мэдээллээр тус сувилалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй тухай мэдээлэл байсан. Тэгвэл цагдаагийн байгууллагаас Энхсаран сувилалтай холбоотой хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байна. Процессын дагуу прокуророос хэргийг хянаад шүүхэд шилжүүлэх юм.

-“ЭНХСАРАН” СУВИЛАЛД ХАЛДВАР ГАРСАН АСУУДАЛД БУРУУТГАЖ 13 ХҮНД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭСЭН-

Сануулбал, манай улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-нд анх дотооддоо коронавирусийн халдвар алдсанаа зарласан. “Энхсаран” сувилалд тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолооч Д-ээс халдвар илэрснээр түүний ойрын хавьтлын хэд, хэдэн хүний шинжилгээний хариу эерэг гарч, халдвар голомтлон тархсан юм. Тухайн үед  “Энхсаран” сувиллаас  эхлэлтэй халдвар авсан хүмүүс олон нийтийг цуглуулсан тоглолт, арга хэмжээнд оролцож байсан нь халдвар эрчимтэй тархах шалтгаан болсон гэж ойлгож болно. Үүнээс хойш манай улсад өдөр бүр халдвар бүртгэгдэж, нийт халдвар авсан хүмүүсийн тоо 45 459 хүрээд байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал хэдэнтээ хүндэрсэн.

Хамгийн ноцтой нь Энхсаран сувилал нь тусгаарлах байрны зардал гэж улсын төсвөөс нэг тэрбум 300 сая төгрөг авсан мөртлөө ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгүй маш бохир байсны зэрэгцээ нэг өрөөнд 5-6 хүнийг тусгаарлаж холбогдох журмыг зөрчсөн зэрэг олон зөрчлийг гаргасан.

Тиймээс тус газраас голомтлон халдвар тархаж өнөөдөр нөхцөл байдал хүндэрсэн гэх дүгнэлт олон нийтэд байдаг. Тиймээс ч тус сувиллыг өнгөрсөн аравдугаар сараас хойш хариуцлага алдсан хэргээр шалгаж эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцэн сувиллын тусгай зөвшөөрлийн асуудал түүнийг дагасан улс төрчдийн эрх ашигтай холбоотой мэдээлэл ч гарч эхэлсэн.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү УГ ХЭРГИЙГ ТАЛААР Энхсаран сувилалд халдвар хамгааллын журам зөрчиж, дотоодод халдвар тархах эрсдэлийг тооцоололгүй, хариуцлагагүй ажилласан нийт 13 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллаглагчаар татаад байна. Тус хүмүүс нь өөр өөр улс орнуудаас ирсэн тээврийн жолооч нарыг нэг өрөөнд байлгаж ЭМЯ-ны сайдын баталсан тушаал, журам холбогдох заалтуудыг зөрчсөн байж болзошгүй гэсэн нөхцөл тогтоогдсон.

Тухайн үед ЭМЯ-ны удирдлагаар ажиллаж байсан болон УОК-ын удирдлага, Онцгой байдлын алба хаагч, Энхсаран сувилалын удирдлага, эмч нийт 6 хүнд холбогдуулан Монгол Улсын эрүүгийн хуулийн 23.5.1 хэсэг буюу хайнга хандах, албан тушаал, хууль, захиргааны хэм хэмжээ албан үүргээ биелүүлээгүй улмаас их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн байна.

Мөн тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан иргэдээс дураараа байраа солих, бусдын өрөөгөөр хэсэх, амны хаалтаа зүүхгүй байх зэрэг тусгаарлах байрны дэглэм журмыг зөрчсөн нийт таван иргэнийг  Монгол Улсын эрүүгийн хуулийн 15.6.1 хэсэгт буюу бусдын амь насанд аюул учруулж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн. Мөн Энхсаран сувилалтай холбоотой хоёр иргэн тусгаарлалтад байсан иргэдийг өдөөн турхирч эмх замбараагүй байдал үүсгэсэн асуудал гарсан. Уг хоёр иргэнд 15.6.1 хэсэгт заасанчлан яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргэсэн" гэж мэдээлсэн юм.

-ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ГЭХ “ЭНХСАРАН” СУВИЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРЛИЙГ МХЕГ-ЫН ХЭЛТСИЙН ДАРГА Т.ТӨМӨРБААТАР ӨГСӨН ҮҮ-

Харин Шадар сайд С.Амарсайхан “Энхсаран сувилалд халдвар алдсан гол шалтгаан нь Мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын харьяа байгууллага байсан учраас нөлөө орсон. Улмаар дэглэм алдагдсан. Тиймээс тус хүмүүст хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн.

Харин Энхсаран сувилалд нөлөөлсөн гэх албан тушаалтан нь МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар гэх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэрээр Энхсаран гэх сувиллын эзэдтэй ямар нэгэн байдлаар холбоо хамааралтай, тиймээс ч шаардлага хангаагүй тус газарт  үйл ажиллагаа явуулах эрх олгосон байж болзошгүй гэсэн нөхцөл байдал үүсээд байгаа юм. Дээрх сувиллын гүйцэтгэх захирлаар О.Түмэнбаяр гэх хүн ажилладаг бөгөөд түүний ээж н.Ганчимэг нь эмч мэргэжилтэй эрүүл мэндийн салбарт ажилладаг гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан. Харин МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч гэх Т.Төмөрбаатар нь мөн өмнө нь Эрүүл мэндийн хяналтын албанд ажиллаж байсан гэдэг.

Өмнө нь тус сувиллын талаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Энхсаран сувиллын үйл ажиллагаатай нь танилцахад цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг мэдэгдэж байсан” хэмээж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд “Энхсаран”сувилалд тусгаарлагдаж байсан зарим иргэд “эрүүл ахуйн шаардлага хангаагүй өрөө тасалгаатай, хулгана, жоом, пясаа орны хөндийгөөр нь гүйдэг, дундын нэг дүштэй” гэх хэл ам гаргаж байсан удаатай.

Тиймээс МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар эрүүл ахуйн шаардлага хангаагүй тус газарт зөвшөөрөл олгосон байж болзошгүй гэсэн хардлага иргэдийн дунд хэдийн үүссэн билээ.