Л.Оюун-Эрдэнэ: Ч.Сайханбилэг эх орондоо ир. Өөрөө зугтаж, бусдыг шоронд оруулж болохгүй /ВИДЕО/

Л.Оюун-Эрдэнэ: Ч.Сайханбилэг эх орондоо ир. Өөрөө зугтаж, бусдыг шоронд оруулж болохгүй /ВИДЕО/

Олны дунд Дубайн гэрээ гэж нэрлэж хэвшсэн “Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-г батлалцсан гэх үндэслэлээр тухайн үеийн Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс-Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан болоод Б.Бадрал, Д.Ганболд нарт давж заалдах шатны шүүхээс 1-1,3 жилийн хорих ял оноогоод байна.

Харин маргааш /2021.05.12/ тэдний асуудлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хэлэлцэх гэж байна.

-Ч.САЙХАНБИЛЭГИЙН ӨМНӨӨС ЭНГИЙН АЛБА ХААГЧИД ХЭЛМЭГДЭЖ, ШОРОНД ОРЖ БОЛОХГҮЙ-

Тэгвэл өчигдөр /2021.05.10/ болсон Засгийн газрын мэдээллийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайд гэдэг хүн асуудал шийдсэн бол өөрөө зугтаад бусдыгаа шоронд оруулдаг байж болохгүй. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд та одоо эх орондоо ир. Б.Бямбасайхан зэрэг олон залуус хөлд нь чирэгдлээ. Би сайд нартаа хэлж байгаа, “бид асуудлаа толгойгоороо хариуцах ёстой. Төрийн алба хаагч хэлмэгдэж болохгүй” гэж. Харин Ч.Сайханбилэг Ерөнхиий сайд өөрөө захирамжаараа шийдсэн /Дубайн гэрээ/. Гэтэл Ерөнхий сайд захирамжаараа тийм том мөнгө дүнтэй асуудлын хэлцэл хийх эрх байхгүй. Үүний төлөө энгийн төрийн алба хаагч хэлмэгдэж болохгүй. Тийм учраас гэм хийгээгүй юм бол, эх орондоо ирж, байцаалтаа өгөөд Дубайн гэрээ гэдэг хардалтыг өөрөө цэглэх ёстой” гэж мэдэгдсэн байна.

-Ч.САЙХАНБИЛЭГ “БИ ӨӨРӨӨ ХАР ТОЛГОЙГООРОО ХАРИУЦНА” ГЭЖ ХЭЛЭЭД АЛХ ЦОХИСОН-

Тэгвэл 2015 онд Сангийн сайдаар ажиллаж байсан, 2016-2017 оны хугацаанд Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Ж.Эрдэнэбат хуулийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-тэй холбоотой Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан асуудлаар санал хураалт явуулж, олонхоороо асуудлыг шийдвэрлээгүй, ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр компани хоорондын асуудал, энэ асуудалд Засгийн газар оролцоод байх шаардлагагүй, хоёр компани асуудлаа өөрсдөө шийдээд явна, та нар битгий эсэргүүцээд бай, хэрэв сүүлд янз бүрийн асуудал үүсвэл би өөрөө хар толгойгоороо хариуцна гэж хэлээд алх цохиж байсан. Алх цохино гэдэг маань энэ тухайн асуудлыг дуусгаж дараагийн асуудалд орж байна гэж ойлгож болно” гэж мэдүүлжээ. 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө