ИРГЭН А: Эрүүл, саруул нөхөр маань вакцин хийлгээд өөд болчихлоо

ИРГЭН А: Эрүүл, саруул нөхөр маань вакцин хийлгээд өөд болчихлоо

Иргэн З 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр Налайх дүүргийн дархлаажуулалтын цэгт БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн “Вероселл” вакцины хоёр дугаар тунг хийлгэжээ. Гэвч тавдугаар сарын 05-ны үүрээр  бие нь гэнэт муудаж, түргэн тусламж ирэхэд хэдийн хорвоог орхисон байжээ. Талийгаачийн эхнэр иргэн А бидэнд хандан болсон явдлын талаар ярьж өглөө.

Мөн бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан ёсны дүгнэлтийг тухайн эх сурвалжаас шаардсан болно. 

-Юуны өмнө танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Нөхөр тань ямар вакциныг хэзээ хийлгэсэн бэ?

-Тавдугаар сарын 4-ний өдөр нөхөр бид хоёр БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн “Вероселл” вакциныг Налайх дүүргийн дархлаажуулалтын цэгт хийлгэсэн.

-Хэд дэх тунгаа хийлгэсэн бэ?

-Хоёр дахь тун байсан. Хоёр дахь тунгаа хийлгэх заасан хугацаа нь тавдугаар сарын 4 байсан. Яг заасан өдрөө хийлгээд маргааш үүрээр ийм явдал болчихлоо.

-Вакцин хийлгэхээс өмнө нөхрийн тань биед ямар нэгэн зовуурь илэрч байв үү?

-Үгүй ээ. Ямар ч зовуурь илрээгүй. Энгийн үе шигээ л байсан. Нөхөр бид хоёр эхний болон хоёр дахь тунгаа хамт хийлгэсэн. Нөхөрт маань ямар ч зовуурь байгаагүй. Надад ч бас.

-Вакцин хийлгэсний дараа ямар нэгэн зовуурь илэрсэн үү?

-Надад яг хийлгэж байхад “час” хийсэн мэдрэмж төрж, бие бага зэрэг чимчигнэсэн. Тэрнээс өөр толгой эргэх, дотор муухайрах гэх мэт ямар нь шинж тэмдэг илрээгүй. Нөхөрт маань ч гэсэн адилхан. Бид гэртээ ирээд л энгийн үе шигээ хоол ундаа хийж идээд, амарсан. Тэгээд л үүрийн 05.00 цагийн үеэр харвачихсан.

-Харвахаас өмнө биед нь ямар шинж тэмдэг илэрч байсан бэ?

-Хамаг биеэс нь хар хөлс цутгачихсан, бачуураад байсан. Бүх цонхоо онгойлгоод болохгүй аргаа бараад цээж нүцгэн гадаа хүртэл гарч зогссон. Энэ явдал ердөө хэдхэн минутын дотор болж өнгөрсөн, тэгээд л нөхөр маань ухаан алдсан.

-Түргэн тусламж дуудсан уу?  

-Тийм. Агаар дутагдаад, бачуурч эхлээд шууд түргэн тусламж дуудсан. Түргэн бараг 15 минутын дараа ирсэн ч нөхөр маань өнгөрчихсөн байсан.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт: Титэм судасны хатуурал, зүрхний архаг цус хомсдох өвчин

-Эмчийн дүгнэлт нь юу гэж гарсан юм бол?
-Шүүх эмнэлгийн дүгнэлтэд “титэм судасны хатуурал, зүрхний архаг цус хомсдох өвчин” гэж бичсэн байсан. Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг бидэнд хальтхан үзүүлсэн. Тэр хооронд амжиж зургийг нь дарж авсан. Шүүх шинжилгээний дэлгэрэнгүй хариу 20 хоногийн дараа гарна гэсэн.

-Талийгаач хэдэн настай байсан вэ.  Ямар нэгэн суурь, архаг өвчтэй байсан уу.

-Нөхөр маань 46 настай. Ямар ч архаг, хууч өвчин байгаагүй. Цоо эрүүл, барагтаа өвчин хэлдэггүй, үргэлж гүйж явдаг хүн байсан.

-Зүрх нь ямар нэгэн байдлаар өвдөж байв уу?

-Үгүй ээ. Ерөөсөө өвдөж байгаагүй. Хэдэн жилийн өмнө л ходоод нь бага зэрэг өвдөж, тухайн үедээ эмчлүүлээд зүгээр болж байсан. Гэтэл зарим нэг сайт нөхрийг маань ходоодны өвчтэй байсан гэж бичсэн байна лээ. Энэ бол худал мэдээлэл. Бас зарим хүн нөхрийг маань коронавирусийн халдвартай байхдаа вакцин хийлгэсэн гэж бичсэн байсан. Нөхрийг маань өөд болсны дараа шарилаас нь PCR авч ХӨСҮТ-д шинжлүүлэхэд “сөрөг” буюу халдваргүй гэж гарсан. Тиймээс л задлан хийсэн. Хэрэв эерэг гарсан бол задлан хийхгүй шүү дээ. 

-Вакцин хийлгэхийн өмнө эмч нар биеийн ерөнхий асуулга авдаг шүү дээ. Тухайн үед нөхөрт тань вакцин хийлгэж болохгүй гэсэн ямар нэгэн зүйл хэлсэн үү?  

-Үгүй. Хэрэв вакцины эсрэг заалттай байсан бол хийлгэхгүй шүү дээ. Нөхөр маань ч надад хэлнэ. Бид хоёр хамт вакцин хийлгэсэн ч тус тусдаа эмчид бүртгүүлсэн. Тухайн үед бүртгэж байсан эмч надаас юу ч асуугаагүй. Харшилтай эсэх, өмнө нь вакцин хийлгэсэн байсан эсэх талаар ямар ч асуумж аваагүй. Харин даралтыг маань үзэхэд өндөр байсан. Даралт буусны дараа вакцин хийх юм болов уу гэтэл “Та вакцинаа хийлгэчих. Дараа нь эм уучихна биз” гэсэн.  Өөр, өөр эмчид бүртгүүлсэн учраас нөхрөөс маань асуусан эсэхийг хэлж мэдэхгүй байна.

-Та бүхний зүгээс вакцинаас болж нас барсан гэж үзэж байгаа юм байна?

-Тийм. Байнгын гүйж явдаг, эрүүл саруул хүн вакцин хийлгээд л өөд болчихлоо. Тиймээс л бид хардаж байгаа юм. Хэрэв вакцин хийлгээгүй байхад ийм юм болсон бол зүрхний "импакт" гэх мэт зүйлээс болсон гэж ойлгоно шүү дээ. Ямар ч өвчний түүхгүй хүн вакцин хийлгэсний маргааш өөд болчхоор хардахгүй байхын аргагүй. Дөрвийн дөрвөн нялх үр нь ард нь хоцорлоо. Том хүүхэд маань 16 настай, бага нь ой гарантай. Би гэртээ хүүхдүүдээ хардаг. Нөхөр хувиараа бизнес хийж амьдралаа залгуулдаг байсан. Эрүүл саруул, үр хүүхэд, хань ижилдээ нөмөр түшиг болсон хүн вакцин хийлгээд өнгөрчихлөө. Үнэхээр гомдолтой байна. Нөхрийн маань ээж өндөр настай, бие муутай хүн байдаг. Бид айгаад ээждээ дуулгаж чадаагүй байгаа.