Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг БАТЛАН ДААЛТАД гаргав

2021-05-14 13:19

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг БАТЛАН ДААЛТАД гаргав

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс 20 жилийн ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.05.14/ Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд боллоо.

Шүүх бүрэлдэхүүн ялын дээд хэмжээ сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргаж, суллах шийдвэрийг гаргасан байна.

Харин Ц.Амгаланбаатар өөр хэргээр давхар ял сонссон тул энэхүү ялын хугацааг нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр С.Зоригийн гэх тодотголтой хэрэг задарч, дахин шалгахаар болж байна.

2021-05-14 10:03

ШУУРХАЙ МЭДЭЭ: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч шүүгчээс татгалзав

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс 20 жилийн ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.05.14/  Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хаалттай хэлэлцэж байна.

Учир нь Б.Хурц, Г.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүсийн хэргийг тус шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа Улсын Ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “шинээр илэрсэн нөхцөл байдал”-ын улмаас хэргийг хянуулах дүгнэлт бичиж, хүргүүлсэн байдаг.

Тус дүгнэлтэд Эрүүгийн тухай хуулийн 41.1-1.2 дахь хэсэгт "Шүүгч, прокурор, мөрдөгч эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно" гэх заалтыг үндэслэсэн ажээ. 

Тэгвэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч шүүгчээс татгалзсан байна. Учир нь, 2018 оны наймдугаар сард Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт ял оноосон Б.Цогт шүүгчийг өөрийнхөө шийдвэрийг дахин шүүх нь хуульд нийцэхгүй гэж тайлбарлажээ. Харин шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүгч Б.Цогтоос татгалзсан өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээж авсангүй. Улмаар шүүх хуралдааныг хаалттай үргэлжлүүлэхээр боллоо.