Б.Отгонсүх: Бүсчлэлийг хойшлуулж, нийслэлд агаарын дүүжин замыг нэвтрүүлнэ

Б.Отгонсүх: Бүсчлэлийг хойшлуулж, нийслэлд агаарын дүүжин замыг нэвтрүүлнэ

Өнөөдөр нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийлээ. Тодруулбал, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-наас нийслэл хотод А,В,С бүсчлэл тогтоож зохицуулалт хийхээр төлөвлөсөн ч иргэдийн дунд явуулсан санал асуулгаар дэмжлэг авч чадаагүй тул хойшлуулсан тухай мэдэгдэв.

Энэ талаар Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ, “Томоохон сайт, фейсбүүк, твиттер хуудсаар дамжуулан замын бүсчлэлийн асуудлаар иргэдээс аснал авсан. Иргэдийн 64 хувь нь дэмжихгүй, 36 хувь нь дэмжсэн санал өгсөн тул иргэдийн саналыг харгалзан төлөвлөж байсан ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулаад байгаа. Иймд наймдугаар сарын 15-наас хэрэгжих байсан бүсчлэлийг түр хугацаагаар хойшуулж байгааг мэдэгдэж байна.

Нийслэлийн хэмжээнд 500 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Нэг жолооч жилд 45 хоног зам дээр түгжирдэг гэх судалгаа гарсан. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор бүсчлэлийн ажлыг эхлүүлэхийг зорьсон ч иргэд дэмжээгүй тул цаашид түгжрэлийг бууруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Тухайлбал нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт 1200 гаруй том оврын автобус үйлчилгээнд явж байна. Цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлж "Cabel Car" буюу агаарын дүүжин замыг нэвтрүүлэх, "Sky real" зэрэг үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Агаарын дүүжин замыг нэвтрүүлэх "Cabel Car"-ын ТЭЗҮ бүрэн боловсруулагдаж дууссан. Цаашид "Sky real" үйлчилгээг нэврүүлэхээр ажиллана" хэмээн мэдэгдлээ.