Б.Баасанцогттой хамт бичлэгт гарсан шүүгчдийн сахилгын хэргийг энэ сарын 25-нд хэлэлцэхээр боллоо

Б.Баасанцогттой хамт бичлэгт гарсан шүүгчдийн сахилгын хэргийг энэ сарын 25-нд хэлэлцэхээр боллоо

Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанаар Х.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар нарын гурван шүүгчид холбогдох сахилгын хэргийг хэлэлцлээ. Нэр дурдагдсан шүүгчид нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан бичлэгт өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт гардаг.

Гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн ёс зүйн хороонд гаргаад байсан юм. 

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт холбогдох сахилгын хэргийг хэлэлцэх Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанд гурван шүүгчийн нэг нь оролцсон бол хоёрынх нь шүүх хуралдаан давхацсан байна.

Шүүгч Д.Отгонбаатар хуралдаанд оролцсон бол шүүгч Х.Идэр, З.Болдбаатарын шүүх хуралдаан давхацсан учир Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 4.2-т гомдол гаргагчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэж заасан байдаг. Энэ дагуу хуралдааныг хойшлуулж, 2021 оны тавдугаар сарын 25-ны 09:00 цагт товлолоо. Шүүгчдэд сахилгын хариуцлага тооцдог Шүүхийн ёс зүйн хороо нь сануулах, торгон, огцруулах арга хэмжээ авах эрхтэй юм.