СУРВАЛЖИЛГА: Ховдод эндсэн эх, нярайд цус сэлбэх гэсэн боловч хөлдүү байжээ

СУРВАЛЖИЛГА: Ховдод эндсэн эх, нярайд цус сэлбэх гэсэн боловч хөлдүү байжээ

Энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр /2021.04.30/ Ховд аймгийн Булган суманд эх, нярай эндсэн улмаар нярайн цогцсыг “Айлаас хөргөгч авч ирж хийсэн” гэх сэтгэл сэртхийлгэм мэдээлэл зарим хэвлэлд гарсан билээ.

Тэгвэл хэрэг явдлын талаар khovd.mn сайт тодорхой эх сурвалжуудаас тодруулж дараах мэдээллийг бэлтгэсэн байна.

Тус мэдээлэлд, талийгаач Э /34 настай/ -ийн хадам ах н.Бүрэнбаатар  “Дөрөвдүгээр сарын 29-ны өдрийн орой 23:00 цаг орчимд манай дүү над руу залгаад “Эхнэрийн ус гарчихлаа хүрээд ирээч” гэсэн юм. Тэгээд бид нар тус сумынхаа нэгдсэн эмнэлэг дээр очтол талийгаачийг төрхийн бэлтгэл хийлгэнэ гээд бөмбөг дээр суулгаад 30-40 минут өнгөрсний дараа сувилагч нь “За төрхийн бүх бэлтгэлийг хангасан” гээд  цаашаа төрөх өрөө рүү авч явсан.

Төрөх өрөө рүү ороход дүүгийн царай нэг л биш байсан. Талийгаач өмнө нь гурван ч удаа төрж байсан. Төрөхдөө дан өөрөөрөө төрж байсан ч хүндрэлтэй төрдөг учраас энэ удаа хийсвэр хийлгэе гэсэн ч эмч нь “Урьд нь өөрөөрөө л төрж байсан юм чинь одоо ч тэгээд төрчих” гэсэн байгаа юм. Тэгээд хэсэг байж байснаа 01:00 цагийн үед нэг нь гарч ирээд н.Мөнхнаран эмчийг гэрээс нь дуудаад ирээч гэсэн. Ингээд дүү бид хоёр тэр эмчийг гэрээс нь очиж авсан. Дараа нь дахиад хүүхдийн эмч н.Батдэлгэрийг дуудаад ир гэсэн. Дахиад л гэрээс нь очиж авсан.

Бид нарыг эмнэлэг орох завдалгүй л буцаагаад "Эмч нарыг гэрээс очиж аваад ир" гэсээр нааш, цааш явсаар зургаан эмчийг авчруулсан. Тэр хооронд юу болоод байгааг бодох сөхөө ч байгаагүй. Гайгүй байгаасай л гэж бодсон. Зарим эмч нар нь утсаа дуудуулаад авахгүй. Гэрийн хаягийг нь ч өгөөгүй. Мэдэхгүй ч олно гэсэн итгэлээр их ч явсан. Тэгээд аргаа бараад эмнэлгийн цэвэрлэгч, сувилагч гээд бүгдээс нь асуусан ч бүгд нэг ч үг цухуйлгахгүй болохоор аргаа барж байтал ашгүй “Хүүхэд чинь төрсөн шүү. Санаа зоволтгүй гэхдээ хагалгаанд орох хэрэгтэй болчихлоо” гээд тодорхой мэдээлэл өгөөгүй. 

Тэгээд яасан юм бол гээд асуухаар хариулахгүй болохоор нь манай дүү төрөх өрөө рүү дайраад орчихсон юм. Харин  гарч ирэхдээ уйлаад “Үхчихлээ” гэсэн. Би ч итгэхгүй “Эмч нар аварнаа” гээд дүүгээ гадаа тайвшруулчихаад өрөөнд нь ортол эмч нар уйлаад сууж байсан. Үнэхээр харамсаж гашуудсан юм бол яагаад нэг ч удаа ирээд уучлалт гуйж болоогүй юм. Хэл сураггүй одоог хүртэл алга болчихсон хүмүүс шүү дээ. Юуны улмаас тухайн үед яг юу болсон гэдгийг ч хэлээгүй. Манай нярай хоёр хоногийн дараа өнгөрсөн. Тэгээд очоод харахад хүний нүдний бүрхүүл чинь толигор усархаг байдаг шүү дээ тэгтэл нярайгийх амьдаараа хатчихсан байсан. Моргтой ярих юм биш. Хүн байхын аргагүй халуун газар. Тал талаас нь нар шардаг ямар ч стандарт байдаггүй. Аргаа бараад нярайгийн цогцсыг хөлдөөгчинд хийсэн” гэжээ.

Харин тус аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн Энэ хэрэгт үнэхээр харамсаж байна. Эмч нар бэлэн байдалд байгаагүй. Утсаа авахгүй. Гэрээс нь очиж авахуулсан гэх бол үнэхээр бид нарын алдаа. Гэхдээ би эмч нараа өмөөрөх гэсэнгүй. Ямартай ч тэд чадах чинээгээрээ хичээсэн. Тухайн үед яг юу болсон талаар бол мэдэхгүй байна. Над руу уг өдөр залгаад уйлалдаад ярьж ч чадахгүй байсан. Бид нар хурал хийж тодорхой болгоно. Мөн ар гэрт нь ямар нэг мэдэгдэл өгөөгүй гэсэн гомдол гарсан байсан. Энэ нь ЭМС-ын тушаалын дагуу 21 хоногт анхан шатны хурал хийж баталгааждаг зүйл юм. Тэр болтол бид хүлээх гэсэн боловч талийгаачийн ар гэр нь цагдаагийн байгууллагт хандсанаар шүүх шинжилгээний албаны багийхан  ирэн шинжилгээ явуулж одоо хариу гарахыг хүлээж байна. Би ч эмч нар ямар нэг асуудал гарсан байх гэж бодож байгаа” гэсэн байна.

Мөн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, мэс заслын их эмч Т.Түмэнбаяр Эх нярай төрөхийн дараах цус алдалтаас болж нас барсан. Цус сэлбэж болох байсан ч цус нь хөлдөөгчинд хөлдүү байсан учир гэсгээхэд тодорхой цаг хугацаа ордог. Тиймээс донороос цус аваад сэлбэх гэтэл нас барсан. Нас барсан шалтгаан нөхцөл одоогийн байдлаар тогтоогоогүй байна. Шүүх шинжилгээгээр тогтоогдоно. Харин яагаад ар гэрийнхнээр эмч эмнэлгийн ажилчдыг зөөлгөснийг би ч гайхаад байгаа.  Тэр бол бидний алдаа” гэжээ.

Энэхүү явдлаас харвал эмнэлгийн ажилчдын хариуцлагагүй байдал болон тоног төхөөрөмж муугаас болж олон эх, нярай хохирч эндсээр байна. Иймд төр засгаас орон нутгийн эмнэлгийн тоног төхөөрөмж болон эмч нарийн чанар чансааг нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ авах хэрэгтэй юм.