Н.Алтанхуяг: Биднийг хулхидаж байгаа юм байна

Н.Алтанхуяг: Биднийг хулхидаж байгаа юм байна

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд бүртгээгүй тул УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, Ж.Батсуурь тэргүүтэй зарим гишүүд болон С.Ганбаатар нар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан.

Харин сүүлдээ тэдний шаардлага “Нэг намын дарангуйллын эсрэг” болж хувирсан юм. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар гудамжинд биш төрийн ордонд асуудлаа шийдэхийг уриалж, ажлын хэсэг гаргаснаар тэдний өлсгөлөн зогссон гэж хэлж болно.

Тэгвэл тэднийг УИХ-ын дарга Г.Занданшатар хуурсан талаар Н.Алтанхуяг өнөөдөр чуулганы индэр дээрээс мэдэгдсэн юм. Тэрээр "Талбай дээр АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласантай холбоотойгоор ажлын хэсэг байгуулсан. Гудамж, талбайд биш УИХ-ынхаа танхимд асуудлаа шийдэхээр ажлын хэсэг байгуулсан. Гэтэл энэ ажлын хэсгийн ажил урагшлахгүй байна. 20 гаруй хонож байхад ганц хоёрхон удаа хуралдсан болоод өнгөрлөө. Биднийг хулхидаж байгаа юм байна гэж харсан. Ажлын хэсгийн ажлын үр дүнг УИХ-аар хэлэлцүүлмээр байна. Ямар албан тушаалтан ямар хууль дүрмийг зөрчсөн бэ гэдгийг сонсох нь зүйтэй гэж бодож байна. Бид хэн нэгэн хүнийг нэр дэвшүүлэхийн төлөө, албан тушаалын төлөө өлсгөлөн зарлаагүй. Харин нэг намын захиалгаар төрийн байгууллагууд хууль зөрчиж байгааг эсэргүүцсэн" гэсэн юм. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, "Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил өнөө маргаашгүй ажлын хэсгээ хуралдуулж энэ асуудлыг шийд. Гэхдээ хуралдах гэхээр танай намынхан цуглахгүй байгаа тухай мэдээлэл өгсөн шүү" гэлээ.