ТАЛИЙГААЧИЙН АХ: Угаартаж буйгаа мэдээд эхнэр нь амь тэмцэж, хүүгээ тэврээд унасан байсан

ТАЛИЙГААЧИЙН АХ: Угаартаж буйгаа мэдээд эхнэр нь амь тэмцэж, хүүгээ тэврээд унасан байсан

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар сэрүүсч хур тунадас орсонтой холбоотойгоор айл өрхүүдийн галлагаа идэвхжсэн. Тиймээс иргэд угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирох хэрэг буурахгүй байна.

Ганц жишээ дурдахад, сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 21 иргэн угаартсаны улмаас нас баржээ. Энэ сарын 25, 26-ны өдөр гэхэд л нийт есөн иргэн угаартаж харамсалтайгаар амиа алдсаны дөрөв нь бага насны хүүхэд байлаа. Энэ бол коронавирусийн халдвараар өдөрт амиа алдаж буй хүмүүстэй ижилхэн тоо. Гэтэл төр засаг ганц коронавируст анхаарлаа хандуулж цар тахлаар л бус бол яаж ч нас барж болно гэх хандлага гаргаж буй нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байна.

Энх цагт иргэд угаартаж, урсаж, осгож, осолд орж мөн өөр бусад шалтгаанаар нас барсаар байгааг цаашлаад энэ тоо буурахгүй байгааг бид сануулж, сэрэмжлүүлэх үүднээс энэ төрлийн  мэдээллээ бэлтгэдэг. Энэ сурвалжилгаа ч угаартаж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилсан сэргийлээсэй гэдэг үүднээс бэлтгэлээ.

Хэрэг явдал тус гэрт болжээ. 2021.05.27

-ТАЛИЙГААЧИЙН ЭГЧ Э: АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ ЯВСАН ЗАЛУУ ГЭР БҮЛ БАЙСАН-

Тодруулбал, уржигдар /2021.05.26/ Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Зээлийн... тоотод оршин суудаг гэр бүлийн дөрвөн гишүүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, иргэн А 38 настай, Ж 25 настай, А.М 11 настай, А.Н 6 настай нар яндангаа зуухнаасаа салгасан, сайжруулсан түлш түлсэн, утаа мэдрэгч ажиллаагүй гэх шалтгааны улмаас угаартан нас барсан гэж албанаас мэдээлээд байгаа юм.

Бид уг хэргийн мөрөөр Барууны салааны Зээлийн гудамж дэхь талийгаачдын гэрт  очиход буяны ажилтай олон хүн бужигналдан нааш, цааш холхиж байв. Харин биднийг харсан талийгаачийн эгч Э “Юун хүмүүс билээ” гэсээр ирсэн юм. Бид учир явдлыг хэлэн, сэрэмжлүүлэг мэдээлэл бэлтгэхээр явж буйгаа хэлэхэд “Тийм ээ. Тэгэх хэрэгтэй” гээд төвөгшөөлгүй угтан авлаа.

Эгчийн нүд уйлснаас болж улайж, хавдсан байх ба бидний хажууд нулимсаа тэвчиж байгаа нь илт байв. Тэрбээр “Урьд нь угаартаж нас барсан гэж сонсож л байсан. Түүнээс ийм уй гашуу ирнэ гэж бодсонгүй. Элдэв муу зуршилгүй, амьдралын төлөө хичээж л явсан залуу гэр бүл шүү дээ. Гэр бүлийн дөрвөн хүн нас барсан гэхээр одоо ч итгэж өгөхгүй юм” хэмээн хоолой зангируулан хэлж байлаа.  

Буяны ажилд нь оролцохоор олон хүн иржээ 2021.05.27

-ГЭМГҮЙ ОЛОН ХҮН УГААРТАЖ АМИА АЛДСААР БАЙНА-

Харин хэрэг явдлын талаар цагдаагийн байгууллагад анх мэдэгдсэн талийгаачийн төрсөн ах доорх мэдээллийг өглөө.

-Эмгэнэл илэрхийлье. Таны дүү гэр бүлийн хамтаар нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Та тухайн үед дуудлага өгсөн гэсэн?

алийгаачийнхтай нэг хашаанд байдаг юм. Манайх байшинд, эднийх доод талд гэрт байдаг. Ам бүл дөрвүүлээ байсан. Талийгаач А буюу манай дүү машин сэлбэгийн газаарт засварчнаар ажилладаг байсан. Харин эхнэр нь ажилгүй гэртээ байдаг. Хэрэг гарсан  өдрийн өмнөх өдөр /2021.05.25/ 11.00 цагийн орчимд галласан. Ингээд гал нь асахгүй байсаар шөнө болж улмаар 9.00-10.00 цагийн орчимд бороо орсны улмаас яндангаа авч өрхөө бүтээсэн.

Тухайн үед галыг бүрэн унтарсан гэж бодсон ч өдөр зууханд хийсэн нүүрс нь хэзээ хожим орой шатаж эхлэн бага, багаар угаартаж эхэлсэн байгаа юм.

Шөнө 12.00 цагийн орчимд манай дүү сэлбэгэнд дуудагдан яваад 02.00 цагт гэртээ буцаж ирээд эхнэр, хүүхдээ сэрээхгүй гэсэндээ орондоо ороод шууд унтсан. Тэгээд л дөрвүүлээ амь алдсан харамсалтай хэрэг гарчихлаа. Өглөө би сэлбэг авах санаатай гэрийн хаалгыг нь нүдэхэд онгойлгохгүй байхаар нь сандраад эвдэлж орсон.

-Таныг гэрийн хаалгыг эвдэж ороход бүх зүйл оройтсон байсан уу. Эмнэлгийн тусламж авч чадахааргүй байсан уу?

-Манай талийгаачид угаасаа аажуу тайван босдог хүмүүс байсан юм. Тэгээд өглөө 10.00-11.00 цагийн үед босоогүй байхад нь нээх их гайхаагүй. Яах аргагүй юм авах шаардлага гараад гэр рүү нь орох гэтэл хаалгаа тайлахгүй байсан. Уг нь баруун талын орон дээр хоёр хүүхэд, зүүн талын орон дээр дүү минь эхнэртэйгнээ хамт унтдаг байсан. Гэтэл намайг ороход бүгд тал, талд тарчихсан байдалтай байсан. Гэрийн баруун талд талийгаачийн эхнэр хүүгээ тэврээд газар уначихсан байдалтай байсныг хараад сэтгэл өвдсөн. Бодвол угаартаж байгаагаа мэдээд хүүгээ тэврээд амь тэмцэж байгаад л ухаан алдсан юм шиг байгаа юм.

-Энд хэр удаан амьдарсан хүмүүс вэ. Албаны мэдээллээр яндангаа авснаас болж нас барсан гэсэн байсан?

-Эндээ амьдраад тав зургаан жил болж байсан. Уг нь сайжруулсан түлш нээх түлээд байдаггүй байнга модоор л галладаг байсан тэр өдөр яагаад сайжруулсан түлш ашигласан юм болдоо. Мэдээж байнга л гал түлдэг айл шүү дээ. Наад захын юмнуудыг мэдэх нь тодорхой.

-Цагдаагийн байгууллагаас юу гэж мэдэгдсэн бэ?

-Буруу галлаж яндангаа аваад, угаар мэдрэгч нь ажиллаагүй гэсэн дүгнэлт гаргаад зууханд байсан үнс нурам, ойр хавийн бүх түлшийг аваад явсан. Ер нь энэ төслийн зуух, сайжруулсан түлш гарснаас хойш угаартсан хэрэг гарч гэмгүй олон хүмүүс үнэт амиа алдаж байна гэж зөндөө л сонссон. Урьд нь хар нүүрс болон энгийн зуухыг хэрэглэдэг байхад ингэж амиа алдсан түүх би лав мэдэхгүй юм байна.

ДҮГНЭЛТ: Угаартаж нас барах хэрэг буурахгүй байна. Холбогдох байгууллага үүнд анхаарлаа хандуулж, дахиж ард иргэдийн алтан амь эрсдэхээс сэргийлж, иргэдэд мэдээ мэдээллийг түгээх тал дээр илүү ажиллахыг сануулж энэхүү мэдээллийг бэлтгэлээ.