Ажилдаа хариуцлагагүй хандсан гэж Булган сумын эмнэлгийн эрхлэгчийг ажлаас нь чөлөөлжээ

Ажилдаа хариуцлагагүй хандсан гэж Булган сумын эмнэлгийн эрхлэгчийг ажлаас нь чөлөөлжээ

Өнгөрсөн сарын 30-ны өдөр /2021.04.30/ Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт амаржихаар ирсэн 34 настай Э эмэгтэй нярайн хамтаар эндсэн харамсалтай хэрэг гарсан.

Тухайн өдөр болсон явдлыг товчхон сануулбал, тус эмнэлгийн эмч нар талийгаач эмэгтэйг өөрөөр нь төрүүлж 4.8 кг охин эх барьж авсан байдаг. Гэтэл төрүүлэх явцад хүндрэл гарч эмэгтэй цус алдсан бөгөөд тогтоож чадаагүйн улмаас цусны дутагдалд орж нас барсан гэж тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Түмэнбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн юм.

-ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ӨНӨӨДӨР ГАРНА-

Хамгийн харамсалтай нь эмэгтэйд цус сэлбэх гэтэл хөлдүү байсан гэх. Учир нь цусны банк хариуцдаг хоёр ажилтан эзгүй байж нэг нь ар гэрийн асуудлаар чөлөө авсан байсан бол нөгөөх нь сургалтад суухаар төвд очсон байсан гэж буй юм. Цаашлаад амьд донороос цус сэлбэхээр бэлтгэх явцад эмэгтэй нас барсан байгаа юм.

Үүнээс хоёр хоногийн дараа дахин харамсалтай үйл явдал болж нярай эндсэн бөгөөд сумын төвийн цогцос хадгалах байранд хийх гэтэл стандартын бус хэт халуун газар байсан учир айлын хөргөгч гуйж оршуулах өдөр хүртэл байлгасан гэж ар гэрийнхэн нь хэлсэн юм.

Дээрхээс гадна эх энддэг өдөр эмнэлгийн эмч нар бэлэн байдал хангалтгүйн дээр хугацаа алдаж арга хэмжээ авсан улмаар хариуцлагагүй хандсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх мэдээлэл бий. Тухайлбал, тухайн өдөр эмнэлгийнхэн талийгаачийн ар гэрийнхнээр эмч нарыг нь гэрээс нь авахуулаар зургаан удаа нааш, цааш явуулсан байгаа юм. Энэ талаар гэрийнхэн нь хэвлэлд ярьж гомдолтой байгаагаа илэрхийлсэн.

Эх, нярай эндсэн асуудалд холбогдох хүмүүс хариуцлага хүлээх ёстой гэж олон нийтийн зүгээс шаардаж буй. Тэгвэл Ховд аймгийн Эрүүл мэндийн төвөөс шийдвэр гаргаж Булган сумын нэгдсэн эмнэлгийн эрхлэгч Б.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Мөн бусад хүмүүст хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж буй бололтой. Энэ бол эрүүл мэндийн байгууллагаас ажилтнууддаа авч буй арга хэмжээ. Дээрхээс хүний амь нас хохирсон асуудалд эрүүгийн хэрэг үүсч болзошгүй байгаа юм. Энэ нь шүүх шинжилгээний дүгнэлтээр тодорхой болох бөгөөд өнөөдөр хариу нь гарах аж.  Хэрвээ эмч нарын буруутай үйлдлээс болж нас барсан тогтоогдвол ажлаасаа чөлөөлөгдөөд барахгүй эрүүгийн хариуцлагатай хэрэгт татагдан шалгагдах магадлалтай юм. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө