Б.Оюун-Эрдэнэ: “Оспринг” гэх компани намайг удаа дараа дарамтлаагүй бол хүүхэд минь эсэн мэнд бойжиж байх байсан

Б.Оюун-Эрдэнэ: “Оспринг” гэх компани намайг удаа дараа дарамтлаагүй бол хүүхэд минь эсэн мэнд бойжиж байх байсан

Б.Оюун-Эрдэнэ хэмээх бүсгүй өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн усыг эрдэсжүүлж шүлтлэг болгодог бүтээгдэхүүнийг БНХАУ-аас оруулж ирж, худалдаалж эхэлжээ. Гэвч удалгүй ижил төрлийн бүтээгдэхүүн худалдаалдаг “Оспринг” гэх компаниас гомдол мэдүүлж эхэлсэн байна.

Үүгээр ч зогсохгүй, “бүтээгдэхүүнээ зарахаа болихгүй бол цагдаа, шүүхийн байгууллагад мэдүүлж өндөр торгууль төлүүлнэ” гэж удаа дараа дарамталж, өөрийг нь залилан хийсэн гэх агуулгатай бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацжээ. Энэ мэт дарамтын улмаас бага сартай жирэмсэн байсан бүсгүй сэтгэл санаагаар хямарч өнгөрсөн лхагва гарагт зулбасан харамсалтай явдал тохиосон байна.

СОНСОХ:

-“ГЭР БҮЛИЙН ЧИНЬ ЗУРАГ НАДАД БАЙГАА. МАНАЙ ЗАХИРЛУУД ЭВГҮЙ ХҮМҮҮС БАЙДАГ. ЧИ ИЙМ ХҮМҮҮСЭЭ ОРОЛДОХ ХЭРЭГ БАЙНА УУ” ГЭЖ УДАА ДАРАА СҮРДҮҮЛЖ ЭХЭЛСЭН- 

-Танай гэр бүлд тохиолдсон явдалд эмгэнэл илэрхийлье. Уншигчдад ойлголт өгөх үүднээс болсон үйл явдлыг эхнээс нь ярих нь зүйтэй болов уу. Та хэзээнээс энэ төрлийн бизнес хийж эхэлсэн бэ?

-Би бага насны хоёр хүүхэдтэй жирийн нэгэн эмэгтэй. Ойрхон төрсөн учраас гэрээсээ ажиллах нөхцөл боломжийг судлан өнгөрсөн оны 12 сард “Khan Aqua” брэнд нээсэн. Тухайн үед Харвардын их сургуулийн Монгол хүний хоол тэжээлд кальци, магни, төмөр гэсэн элементүүд түгээмэл дутагддаг гэсэн судалгааг уншиж байсан юм. Энэ талаар нэлээн судалсны эцэст дутагдалтай эрдсүүдийг нөхөх бүтээгдэхүүн оруулж ирвэл хүмүүст хэрэгтэй юм байна гэж  БНХАУ-д хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн 68 оронд экспортлогддог ус эрдэсжүүлж шүлтлэг болгодог бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирж хоёрдугаар сараас худалдаалж эхэлсэн.

-Оспринг гэх компаниас яг ямар үндэслэлээр танд дарамт, шахалт үзүүлсэн юм бэ?

-Борлуулалтаа дөнгөж эхэлсний дараа Оспринг гэдэг компанийн менежер н.Бэхбат гэж хүн “Эдний бүтээгдэхүүнээс болж хүн хордож, өвдөөд манайд хандаад байна” гэж фейсбүүк дээрээ мэдээлэл хийсэн байсан. Ингээд гуравдугаар сарын 1-ний өдөр өөр нэг менежер гэх хүн над руу залгаж “Чиний хийж байгаа зүйл чинь хууль бус, чи сайн юм хийхгүй байгаа. Хуулийн байгууллагад шалгуулбал чи тэдэн сая төгрөгийн төлбөрт унана. Чи хоёр жаахан хүүхэдтэй юм байна. Гэр бүлийн чинь зураг надад байгаа” гэж сүрдүүлсэн. Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр цацсан бичлэгтээ “Намайг залилан хийдэг. Цагдаагийн Ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар шалгуулж байна” гэх мэтээр томоохон байгууллагуудын нэрийг барьж зохиомол зүйл цацсан байсан. Энэ бүхний эцэст би бараг гурван сараас хойш бүтэн нойртой хоноогүй. Сэтгэл санаа тогтворгүй, үргэлж тэр хүмүүсийн хэлсэн үг бодогдож, хэзээ тэр хүмүүс манай гэрт ирж дарамтлах бол гэж үргэлж айж, сэтгэлийн дарамттай байсаар хэдхэн хоногийн өмнө энэ хорвоод төрж амжаагүй байсан үрээ алдчихлаа.

-Та Оспринг компанийн оруулж ирдэг бүтээгдэхүүнийг борлуулсан юм уу. Таны бүтээгдэхүүн тэдний бүтээгдэхүүнтэй ямар нэгэн байдлаар холбоотой юу?

-Үгүй. Үйлдвэрлэгчийн ямар ч холбоо хамаарал байхгүй. Оспринг компанийн оруулж ирдэг бүтээгдэхүүн манайхаас шал ондоо буюу “Цайрын хүч” гэдэг нэртэй. Харин минийх "алкалине ватерс" буюу усыг эрдэсжүүлж шүлтлэг болгодог бүтээгдэхүүн. Хоёулаа хоёр өөр үйлдвэрлэгчийнх.

ШӨХТГ болон МХЕГ-ын дүгнэлт

-Менежер н.Бэхбэт гэдэг хүн “Таны худалдаалдаг бүтээгдэхүүнээс хордсон гэх хүмүүс өөрийнх нь компанид хандаад байна” гэж мэдээлэл хийсэн гэж байна шүү дээ. Энэ ямар учиртай юм бэ. Үнэхээр хордсон тохиолдол гарсан хэрэг үү?

-Менежер н.Бэхбат гэдэг хүн хоёрдугаар сард тийм утгатай мэдээлэл цахим орчинд цацсан. Гэтэл тэр өдрийг хүртэл “Бүтээгдэхүүнээс чинь хордчихлоо” гэж нэг ч хүн надтай холбогдоогүй. Хүн бүтээгдэхүүн аваад ямар нэг сөрөг зүйл илэрсэн бол эргээд авсан дугаар, цахим хаяг руугаа л холбогдох нь ойлгомжтой шүү дээ. Гэтэл Оспрингээс “танайхыг хүмүүс мэдэхгүй учраас манайх руу холбогдоод байна” гэж тайлбарласан. Тийм л утгагүй зүйл хэлж байгаа юм. Дэлхийн үйлдвэрлэлийн орон болсон Хятад орон нь өөрөө патент өгч, лабораторийн шинжилгээгээр оруулж, худалдаалах зөвшөөрлийг нь өгчихсөн байхад ямар үндэслэлээр хүний биед сөрөг нөлөөтэй гэж ярьж байгаа нь маш сонин.

-Та бүтээгдэхүүнээ мэргэжлийн газруудаар шинжлүүлсэн үү?

-Тэгэлгүй яахав. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгуулахад миний оруулж ирсэн бүтээгдэхүүн “хүний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй байна. Ундны устай буюу усанд уусгаж уухад аюулгүй байна” гэсэн дүгнэлт гарсан. Мөн Оспрингийн цацсан бичлэгт намайг ШӨХТГ-т шалгуулж байна гэсэн байсан.

Би бүтээгдэхүүнээ ШӨХТГ-т шалгуулахад “Энэ газрын бүтээгдэхүүнийг хуурамч гэж үзэх үндэслэл байхгүй. Зах зээлд ижил төстэй бүтээгдэхүүн зарж борлуулдаг газар олон байх тусам хэрэглэгчдэд давуу тал үүсгэдэг” гэсэн дүгнэлт гарсан.

Надад ирүүлсэн хувийг хүмүүс асууж байсан тул би өөрийн пейж дээрээ нийтэлтэл “Чи төрийн байгууллагын мэдээллийг ил тавьдаг хэн юм. Чи авилга өгч ийм дүгнэлт гаргуулсан байна. Одоо л бидний гомдол эхэлж байна. Чи эртхэн уучлалт гуйсан дээр. Манайх албан ёсны эрхтэй газар. Харин чи каргогоор оруулж ирдэг. Чи онлайн шоп ажиллуулдаг татвар төлдөггүй, ямар ч хэрэггүй үйл ажиллагаа явуулдаг” гэсэн. Би каргоны газартаа бүх ачааны хөлсөө төлдөг. Карго нь ч цаанаа татвараа төлж байгаа. Нийгэмд онлайн худалдаа эрчимтэй хөгжиж байхад ийм байдлаар хүмүүсийг шууд үгүйсгэж болохгүй шүү дээ. Аргаа бараад би үйлдвэрлэгч компаниас хүртэл гэрчилгээ, бүтээгдэхүүний бичиг авсан. 

-УРЬД ӨМНӨ НЬ БИЗНЕС ЭРХЭЛЖ ҮЗЭЭГҮЙ УЧРААС ОЮУНЫ ӨМЧИД БҮРТГҮҮЛЭХ ЁСТОЙ ГЭДГЭЭ Ч МЭДЭЭГҮЙ-

-Оспринг албан ёсны эрхтэй газар гэж өөрсдийгөө хэлсэн юм байна. Та тухайн газраасаа Монголд борлуулах албан ёсны зөвшөөрөл авах талаар хөөцөлдөж үзсэн үү?

-Би үйлдвэрлэгч газраасаа нэг удаад хамгийн ихдээ 100 ширхэг л авдаг. Гэтэл дэлхийн 68 улсад бүтээгдэхүүнээ экспортолдог, хэдэн сая тоогоор борлуулалт хийдэг тийм том газар над шиг цөөн ширхгээр авдаг хүнд албан ёсны эрх олгохгүй шүү дээ. Хэрэв борлуулалтаа өргөжүүлбэл бол боломжтой байна байх. Гуравдугаар сарын 1-ний өдөр Оспрингээс анх залгаж, дарамтлахад би гайхаж хууль зүйн зөвлөгөө өгдөг хүмүүст хандсан. Тэгтэл намайг “бүтээгдэхүүн борлуулдаг “Хан Акуа” гэдэг брэндээ оюуны өмчийн газарт бүртгүүлээрэй гэсэн. Ингээд амралтын өдөр таарч, гуравдугаар сарын 4-ний өдөр Улсын бүртгэлийн газар очтол “Яг энэ нэрээр тань өнөөдөр компанийн гэрчилгээ гаргуулаад авчихлаа” гэж байгаа юм.

Үнэхээр сонин. Өмнө нь ийм нэртэй ямар ч компани, брэнд байгаагүй. Гэтэл Оспринг над руу залгаж, дарамталснаас хэдхэн хоногийн дараа энэ нэрийг маань өөр компани авчихсан байсан. Удалгүй цацсан бичлэг дээрээ намайг “өөр компанийн нэр ашиглаж залилан хийж байна. Манай бүтээгдэхүүний нэр хүндэд халдаж байна” гэж хэлсэн. Би урьд өмнө нь бизнес эрхэлж үзээгүй учраас оюуны өмчөөр бүртгүүлэх ёстой гэдгийг ч мэдээгүй.

-Оспринг “Өөрсдийн бүтээгдэхүүний нэр хүндэд халдаж байна” гэж хэлсэн гэж байна. Та Оспрингийн бүтээгдэхүүнийг өөрийн бүтээгдэхүүний сурталчилгаан дээрээ ямар нэгэн байдлаар дурдаж байсан юм уу?

-Үгүй. Би бүтээгдэхүүнээ цайрын хүч, Оспрингийн оруулж ирсэн гэж ерөөсөө тайлбарлаагүй. Манай болон тэдний оруулж ирсэн бүтээгдэхүүн нь ялгаатай. Би бүтээгдэхүүнээ ус эрдэсжүүлдэг, кальци, магни өндөртэй гэж тайлбарладаг. Гэтэл миний энэ тайлбаруудыг тэр бичлэгтээ огт дурдаагүй байсан. Би нэг ч удаа Оспрингийн бүтээгдэхүүнийг зарж байна гэж хэлж байгаагүй. Мөн тэр бичлэг дээрээ “бүлэг этгээд залилан хийж байна” гэж хэлсэн байсан. Залилан, луйвар гэдэг чинь хуулийн хүрээнд тэс ондоо ухагдахуун шүү дээ.

-Танаас өөр ийм төрлийн бүтээгдэхүүн экспортоор оруулж ирж зардаг бизнес эрхлэгчид байдаг уу?

-Над руу залгахдаа “Чи ганцаараа биш. Чамаас өөр зөндөө хүн байгаа” гэсэн. Олон нийтэд цацсан бичлэг дээр өөр нэг эмэгтэйг дурдсан байсан. Тэр хүнтэй холбогдоход дууд мессежеер танихгүй хаягаас “Хүүхдээ олигтой өсгөж чадахгүй байж ийм юм хийдэг чи хэн юм бэ” гэж дарамталсан байгаа юм. Энэ мэтээр дарамталж эхлэхээр яг над шиг хувиараа бизнес хийдэг хүмүүс айгаад л больчихдог юм шиг байна лээ.  Тэр хүмүүс олон улсын зах зээлд нээлттэй худалдаалж байгаа бүтээгдэхүүнийг оруулж ирснийхээ төлөө ингэж дарамтлуулж байгаа нь үнэхээр сонин байна.  

-Тантай биеэр уулзаж байсан уу. Ямар байдлаар дарамт шахалт үзүүлж байсан бэ?

-Ихэвчлэн залгаж, тодорхой бус хаягаас элдэв янзаар доромжилдог. Над руу залгаж дарамталсан хүний утасны дугаар байгаа. Гэхдээ би ярьсан зүйлсийг нь баталгаажуулж авч чадаагүй. Худалдаа эрхэлдэг учраас над руу байнга танихгүй дугаараас хүмүүс залгаж бүтээгдэхүүн асуудаг. Тиймээс хэзээ над руу Оспрингээс залгаж, дарамтлах бол яриаг нь бичиж авъя даа гээд хүлээгээд суухгүй шүү дээ. Залгахдаа “Чам дээр маш олон гомдол ирсэн. Энэ гомдлуудыг бид нар цагдаагийн газарт өгөх болно. Чиний гэр бүлийг чинь хэн авч явах уу, хүүхдийг чинь хэн өсгөх үү" гэх мэтчилэн ярьж байгаа юм.

 Бүтээгдэхүүний патентын гэрчилгээ

 

-ЦАГДААГИЙН ГАЗАР “ЧАМД БОДИТООР УЧРУУЛСАН ХОХИРОЛ БАЙХГҮЙ. ЯГ ЯАЖ ХОХИРСОН ЮМ” ГЭЭД ТООГООГҮЙ-

-Та лабораториор бас шинжлүүлсэн гэж байсан?

-Би бүтээгдэхүүнээ нэгдүгээр сард захиалж, хоёрдугаар сарын 1-нд шинжилгээнд өгсөн. Шинжилгээгээр кальци, магни гэх мэт хүний биед тустай элементүүд өндөр, стандарт шаардлага хангасан гэж гарсан. Тэгэхээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх ямар ч боломж байхгүй. Миний ойлгосноор тэднийх дан цайрын агууламжтай бүтээгдэхүүн юм шиг байгаа юм. Гэтэл тэс хоёр өөр төрлийн бүтээгдэхүүнийг адил мэтээр хүмүүст ойлгуулахуйц мэдээлэл тарааж, харьцуулж байна.

-Та нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандсан уу?

-Нэр төрөө сэргээлгэх гэтэл одоо хүртэл миний шүүхэд гаргасан гомдлыг хүлээж авахгүй байгаа. Даалгаж өгөх гэдэг процесс байдаг юм байна лээ. Гэтэл Оспринг хаяг дээрээ байхгүй гэх мэт шалтгаанаар гомдлыг хүлээж авахгүй байгаа. Цагдаагийн газар очиход “Чамд бодитоор учруулсан хохирол байхгүй. Яг яаж хохирсон юм” гээд тоогоогүй.

Нөгөө талаар би өөрийгөө жирэмсэн гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Гэхдээ цагдаа, шүүхийн байгууллагаар явахаар “сэтгэл санаанаас болж зулбасан гэж шууд үнэлж, тогтооход хэцүү” гээд энэ төрлийн хохирлыг үнэлдэггүй юм билээ. Би эмчдээ болсон үйл явдлыг хэлэхэд “харамсалтай байна. Чамд тохиолдсон хүнд явдал буюу чи зулбасан байгаа процесс нь яг сэтгэл санааны дарамтаас болсон гэдгийг тогтоох ямар ч боломж байхгүй. Эцсийн дүнд би зориудаар шаналаад өөрөө өөрийнхөө үр хүүхдийг өөрөө үгүй хийсэн юм шиг болж хувирч байна.

-Та сэтгэл санааны дарамтад орсноос болж зулбасан талаараа мэдэгдсэн байсан шүү дээ?

-Сүүлийн хэдэн долоо хоног жирэмсний хордлогын шинж тэмдэг илэрч, өдрийн 02.00 цаг хүртэл юм идэж чадахгүй, огиулаад байсан учир тестээр шалгахад нэг зураас хагастай гарсан. Өрхийн эмнэлэгт очиж үзүүлтэл бага сартай, хүүхдийн зүрхний цохилт эход орж ирэх болоогүй байна гэсэн. Гэтэл 05 саырн 26-ны орой 21 цагийн үед над руу залгасан. Би “Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон мэргэжлийн байгууллагын хүмүүсээс хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт авсан, та нар яагаад ингэд байгааг ойлгохгүй байна гэхэд “Хүмүүс чиний өмнөөс торгууль төлөхгүй, чиний өмнөөс шоронд суухгүй чиний өмнөөс хүүхдийг чинь өсгөхгүй. Чиний эсрэг бүх гомдлыг бид шинээр гаргаж хуулийн байгууллагад чиний дансыг шүүлгэх гомдол гаргаж өгнө. Яг энэ онлайн худалдаа эрхэлж хүмүүсийн хэрэглэгчийн эрх ашгийг хохироодог хүмүүсийн эсрэг бид шалгуулна” гэсэн. Ийм юм сонссон хүн яаж тайван байх юм. Яагаад намайг ингээд байгаа юм бол шөнөжингөө унтаж чадахгүй, зүрх дэлсээд түргэн дуудсан. Эмч ирээд даралт чинь ихэссэн байна гэж эм өгсөн. Эм уугаад  унтаад жаахан тайвширч байтал их өвдөхөөр нь бостол доошоо цус гарчихсан байсан. Оспринг компани  ингэж хүнийг дарамталж, жижиг өрхийн бизнес хийдэг хүнийг зах зээлээс шахан зогсоох гэж удаа дараа олон янзаар оролдоогүй бол хүүхэд минь эсэн мэнд бойжиж байх байсан.

-Үүний дараа Оспрингээс тантай холбогдсон уу.

-Холбогдоогүй. Гэхдээ телевизээр энэ хүн жирэмсэн байгаагүй гэж хэлээд сууж байна. Ямар эрүүл хүн тийм их дарамт, шахалт ирж байхад тоохгүй байж чадах юм бэ. Хэзээ нэгэн цагт миний нэр сэргээгдэж, хууль бус зүйл хийгээгүй, хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй зүйл оруулж ирээгүй, чанарыг шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдаалсан байна гэдэг дүгнэлт гарсан ч гэсэн тэр хугацаанд маш олон хүн тэдний гүтгэсэн бичлэгээс буруу ташаа мэдээлэл авч, намайг элдэв янзаар зүхэж, дарамтлахыг би мэдэхгүй. 

Үүний ард би ганцаараа биш гэр бүл минь хохирч байна. Олон улсад нээлттэй бүтээгдэхүүнийг Монголд авчирч, бусад бүх хүний хийдэг жишгээр худалдаа эрхэлснийхээ төлөө гүтгүүлж, янз бүрийн үгээр доромжлуулж байгаа нь надад маш хэцүү байна. Зах зээл дээр ижил төрлийн үйлчилгээ явуулдаг маш олон газар байдаг. Өөрсдийн маркетингээ хийж өрсөлддөг. Яг тэр зарчмаар шударга өрсөлдөөсэй гэж хүсэж байна. Миний хийж буй зүйлийг хууль бус гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй. Гэтэл өөрсдөө хууль бусаар хүнийг дарамталж байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…