Ж.Азжаргал: Дуудлага ирүүлсэн хүүхдүүдийн 69 хувь нь эцэг эхийнх нь зүгээс хүчирхийлэл үзүүлсэн гэж мэдүүлсэн

Ж.Азжаргал: Дуудлага ирүүлсэн хүүхдүүдийн 69 хувь нь эцэг эхийнх нь зүгээс хүчирхийлэл үзүүлсэн гэж мэдүүлсэн

ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас  ‘’Нэгдүгээрт хүүхэд’’ үндэсний хөдөлгөөнийг зарлаж буйг мэдэгдлээ. Жил бүр зургаадугаар сарын нэгэнд зохион байгуулдаг ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр цар тахлын нөхцөл байдлаас үүдэн олныг хамарсан үйл ажиллагаа, цуглаангүйгээр үргэлжлэх болсон. Сургууль, цэцэрлэгийн танхимын сургалт олон сараар тасалдсаны улмаас хүүхэд хамгаалах байрны ачаалал нэмэгдэх, осол эндлийн дуудлага нэмэгдсэн судалгаа гарчээ.

ГБХЗХ-ын Гэр бүл, хүүхэд хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг 108 тусгай дугаарт жилд 150-180 мянган дуудлага ирдэг. Энэ жил 894 хүүхдэд аюулгүй байдал болон түр хамгаалах байрны үйлчилгээ үзүүллээ. Хүүхэд гэр бүлийн орчинд хамгийн аюулгүй байх ёстой атал хамгийн ихээр ахуйн хүрээнд хүчирхийлэлд өртөж байна.

Дуудлага ирүүлсэн хүүхдүүдийн 69 хувь нь эцэг эхийнх нь зүгээс сэтгэл санаа болон бие махбодын хүчирхийлэл амссан гэж мэдүүлсэн. Гол шалтгаан нь эцэг эхийн архины хамаарал, аливаа маргааныг хүчирхийллийн аргаар шийдэж буй байдал юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд зургаан сараас дээш буюу урт хугацааны хамтын ажиллагаа шаардлагатай байдаг.

‘’Тиймээс байгууллага бүр эцэг эхийн зөвлөлтэй байх тухай шийдвэр гаргасан. Албан байгууллагууд ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, тэднээр дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх нь нэн чухал байна’’ хэмээн дурьдлаа.

Монгол Улсад Ковид 19 халдварын тохиолдол илэрснээс хойш 13900 гаруй хүүхэд тус өвчнөөр өвдсөн байна.  Хөл хорионы дэглэмийн үед хүүхдийн аюулгүй байдал болон түр хамгаалах байрны үйлчилгээ авсан тохиолдол 40 хувь буурсан гэлээ.

 Мөн ‘’Нэгдүгээрт хүүхэд’’ үндэсний хөдөлгөөн 2021 дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн танилцууллаа. Үүнд:

  •  Хүүхдэд ээлтэй төрийн үйлчилгээ
  • Хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалт
  • Хүүхдэд ээлтэй бизнес үйлчилгээ
  • Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэсэн ажлууд багтаж байгаа юм.

М.Саранцэцэг