Өнгөрөгч тавдугаар сарын 20-ны өдөр АН-аас мэдээлэл хийх үеэр, иргэн Г.Ган-Очир төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй асуудлаар мэдээлэл хийсэн байдаг. Тэрбээр “Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан. 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл тус мэдээллийг хийсэн, иргэн Г.Ган-Очирыг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас “эрэн сурвалжилж байна” хэмээн өнөөдөр /2021.06.02/ зарлалаа. Харин ЦЕГ-ын тус мэдээлэлд ямар үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлах болсон талаараа тодорхой мэдээлээгүй байгаа юм. Тодруулбал, тус мэдээлэлд, “тухайн этгээдийн талаар цагдаагийн байгууллагын ... дугаарт мэдээлэл ирүүлнэ үү. Нууцлалыг чанд хадгална” хэмээжээ.
Харин тус иргэнийг тавдугаар сарын 20-ны өдөр хийсэн мэдээлэлтэй нь холбоотой юу, эсвэл өөр асуудалд холбогдуулан “эрэн сурвалжилж” эхэлсэн үү гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Учир нь энэ төрлийн мэдээлэлд гарсан ихэнх иргэдийн холбогдоод буй асуудлын зарим талыг дурьдсан байдаг. Тухайлбал, нэр бүхий банкнаас их хэмжээний валют залилсан байж болзошгүй иргэдийн мэдээллийг “хүнд гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй” зэргээр нийтэлж байсан билээ. Нөгөө энэ нь мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой байж магадгүй юм.